Бассейн, спорт заал, цөөн хүнтэй сургалтын үйл ажиллагааг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-29 15:29:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг коронавирусний халдварын голомтуудаа хумиад байна.

Учир нь Тосонцэнгэл, Их-Уул суманд тавдугаар сарын 22-ны өдрөөс хойш, Улиастай суманд тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хоёр, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт долоон иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа. Харин гэрийн тусгаарлалтад нийт 994 иргэн, Тосонцэнгэл сумын тусгаарлах байранд дөрвөн иргэн байна. Дархлаажуулалтын тухайд аймгийн хэмжээнд нэгдүгээр тунд 39461 иргэн, бүрэн тунд 13704 иргэн хамрагджээ. 50-аас дээш насны иргэдийн дархлаажуулалт үргэлжилж байна. 18-50 насны иргэдийн хоёрдугаар тунгийн дархлаажуулалт 5 сарын 31-ний өдрөөс эхэлнэ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Улаанбаатар хотоос ирж буй 0-17 насны хүүхдүүд гэрийн тусгаарлалтыг мөрдөнө

Завхан аймгийн Шуурхай штаб хуралдаж хот хоорондын нийтийн тээврийг долоо хоногт гурван удаа явуулахаар шийдвэрлэлээ.

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо Улаанбаатар хот болон голомт бүхий бүс нутгаас ирэх иргэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсанаас хойш 14 хоносон байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаагүй иргэн тээвэрлэсэн жолооч, аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож ажиллана. Мөн Улаанбаатар хот болон голомт бүхий бүс нутгаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор вакцины бүрэн тунд хамрагдаагүй ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хугацаа 14 хоног байна. Мөн 0-17 насны хүүхдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй боловч долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг мөрдөнө.

Түүнчлэн Политехник коллежийн оюутнууд цахимаар хичээллэж, төгсөх ангийн оюутнууд хичээлийн байрандаа үйлдвэрлэлийн дадлага хийхийг зөвшөөрөөд байна. Цаашид Тосонцэнгэл, Их-Уул сумаас бусад сумдад саун, бассейн, спорт заал, цөөн хүнтэй сургалт, фитнесийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн нээхээр төлөвлөж байна. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдлоор вакцины бүрэн тунд хамрагдаагүй ирсэн иргэдэд хатуу хяналт тавьж ажиллана гэж Шуурхай штабын хурлаар тус тус шийдвэрлэснийг нэмж мэдээлэв. 

Related news