Завханд 36.0 мянган мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-02 17:59:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нийт 36,0 мянган мал хорогдсон нь оны эхний малын 1,0 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

-“Аймгийн хэмжээнд тэмээ тав, адуу 2363, үхэр 2951, хонь 13277, ямаа 17429 тус тус хорогджээ. Дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн үргэлжлэн орсон цас, шөнөдөө хүйтэрч салхи шуургатай байсан нь мал хорогдоход нөлөөлсөн. Сумдаас хамгийн олон хорогдолтой нь Шилүүстэй 8550, Цагаанчулуут 7157, Отгон 5562, Их-Уул 2566 мал тус тус хорогджээ. Мөн Цагаанхайрхан, Яруу, Идэр гэх мэт зургаан суманд 1000-аас дээш толгой мал хорогдоод байна. Аймгийн хэмжээнд нийт хорогдлын 92,8 хувийг дээрх сумд эзэлж байна. Бусад 14 сумын хорогдол 7,2 хувийг эзэлж байна. Тавдугаар сарын 10-наас хойш цаг агаар тогтворжсоноос малын хорогдол багасч байна” гэв.

 

Өвс тэжээлийн нөөцөө хаваржилт хүндэрсэн

сумдад хэрэглээд дуусжээ

Өвс тэжээлийн хувьд нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдад хэрэглээд дууссан байна.

Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу хуваарилсан 100 сая төгрөгийн эх үүсвэрээр аймгийн нөөцөд 140 тн өвс бэлтгэсэн. Үүний үлдэгдэл Улиастай суманд төвлөрүүлсэн 15 тн өвсийг дөрөвдүгээр сарын 25-наас хойш орсон цасны улмаас хаваржилт хүндэрсэн урд чиглэлийн сумдад олгосон байна.

Өнөөдрийн байдлаар Түдэвтэй суманд 30 тн үлдэгдэл нөөц өвс байна. Харин Отгон, Шилүүстэй, Идэр, Цагаанчулуут, Яруу суманд өвс, тэжээлийг постоор дамжуулан тухай бүр нь хүсэлтийн дагуу олгосон байна гэж аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав.  

Related news