Олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчдыг шагнах батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-27 12:55:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт хүлээн авч уулзан, мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын батламж гардууллаа.


Тодруулбал, Паралимпын наадмын алтан медальт Э.Содномпилжээд орон сууц, 120 сая төгрөг, олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд орон сууц, 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус орон сууц, 30 сая төгрөг гардуулахаар Засгийн газраас тогтоол баталсан. Мөн тогтоолд, Токио-2020 олимпын наадмын дөрөвдүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин М.Анхцэцэг, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, тавдугаар байр эзэлсэн С.Батцэцэг, М.Лхагвагэрэл, Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг, Н.Алтанцэцэг нарт тус тус 20 сая төгрөг олгохоор тусгасан. 



Түүнчлэн дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Мөн паралимпын алтан медаль хүртсэн, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тогтоол баталсан юм. 


"Токио-2020" олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр эрх авч оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад 30 сая төгрөг олгохоор тогтоолд заажээ.


Түүнээс гадна хүндийг өргөлтийн төрөлд шүүгчээр ажилласан Л.Одгэрэл, жүдо бөхийн төрөлд шүүгчээр ажилласан Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, боксын шүүгч Т.Цогтгэрэл, пара триатлоны шүүгч Б.Цагаанбаатар нарт тус бүр 10 сая төгрөг гардуулахаар тусгасан байна.


Тамирчдын хувцсыг урласан "Мичел амазонка" ХХК-д мөн 10 сая төгрөгийн шагнал олгохоор батламж гардууллаа.



Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж гардуулсныхаа дараа, “1961 онд Монгол Улс НҮБ-д элсэн орж тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулсны дараа анхны буюу 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан. Түүнээс хойш хагас зууны дараа "Токио-2020" зуны олммп, паралимпод оролцсон”ыг тодотгоод, медальт байр эзэлсэн тамирчдынхаа амжилтуудыг дурсав. Засгийн газраас Олимпизмыг дэлгэрүүлэх Үндэсний хороо байгуулж өөрийн биеэр ахалж байгааг тэмдэглэв. Тэрбээр, “Гуравхан жилийн дараа болох Парисын олимпын наадамд тамирчдаа бэлтгэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв УТҮГ-ыг байгуулахаар болоод байгааг дуулгахад таатай байна. Парис 2024 олимпын наадамд олон тамирчин оролцож, Монголынхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэхийн ерөөл дэвшүүлье” хэмээн тэмдэглэв.


Ташрамд дурдахад, Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм. Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.


Мөн паралимпын XVI наадамд таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага  гэсэн 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан.


Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш 14 зуны олимпод оролцож 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.

Related news