Боловсролын салбарынхныг уялдаа холбоотой ажиллахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-28 14:49:22

Завхан/МОНЦАМЭ/. Боловсролын салбарт ажиллаж буй багш, удирдах ажилтнууд зөв хандлага, сэтгэл, зүтгэлтэй, шинийг санаачлагч байж чадсан цагт боловсролын салбар хөгжинө гэж аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал онцоллоо.

Тэрээр аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны “Удирдах эв дүй манлайлал” зөвлөгөөн дээр ингэж хэлж уриалгыг дэвшүүлээд буй юм. Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их хүндэрсэн салбарын нэг бол боловсролын салбар. Дэлхийн хэмжээнд 1.3 тэрбум хүүхэд, Монгол Улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд, өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь сурлагын хоцрогдолд орсон байна. Боловсролын байгууллагын зүгээс цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Гэсэн хэдий ч хичээлийн хоцрогдолд илүү анхаарах нь чухал юм гэдгийг тус зөвлөгөөнд оролцогчид ярилаа. Аймгийн Засаг даргын хувьд ч энэ салбарт онцгой ач холбогдол өгч аймгийнхаа сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх. Сурагчдыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдэд ээлтэй дотуур байрыг бий болгох, багшийн хөгжих орчныг бүрдүүлэх. Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр боловсролын салбараа дэмжиж бодлогын түвшинд амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ. Ингэснээр Завхан аймаг боловсролын салбарт хэрэгжүүлж буй ажлаараа 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдтай байгуулсан гэрээний үр дүнгээрээ шилдэг таван аймгийн нэгт шалгарсан байна.



Хүүхэд нэг бүртэй ажилласан багш нар урамшуулалтай

Хоёр өдрийн турш зөвлөлдсөн тус зөвлөгөөн дээр:  “Завхан аймгийн боловсролын салбарын удирдлагууд та бүхний зөв хандлага, сэтгэл, зүтгэл дээр энэ салбар оршин тогтноно.

Биелэхгүй гоё сайхан зүйл ярихаасаа илүүтэйгээр бодит байдалдаа дүн шинжилгээ хийж, цаашид хэрхэн хөгжих вэ гэдгээ ярилцаж, үр дүнд хүрэх нь хамгийн чухал. Та бүхэн дарга биш сайн зохион байгуулагч, сайн менежер, цаг үргэлж шинийг санаачлагч байх учиртай. Энэхүү хоёр өдрийн зөвлөгөөн дээр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох тал дээр онцгойлон анхаарах ёстой. Боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах. Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бүх шатандаа уялдаа холбоотой, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Багш нар хүүхэдтэйгээ ажиллах орчин нөхцөл, цаг хугацааг бүрдүүлэх зорилгоор “Багш хөгжлийн төв”-үүдийг шат дараатай байгуулж байна.

“Чадварлаг багш”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Аз жаргалтай ажлын байр”, “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” зэрэг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар боловсролын чанарыг сайжруулж, сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Аймгийн Засаг даргын зүгээс хүүхдүүдээ нийтээр нь сайн сургасан багш нарыг урамшуулах, сургуульд нь хөрөнгө оруулалт хийх бодлого баримтална. Завхан аймаг хүүхдийн хүчирхийлэлгүй аймаг болох зорилтоо хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагуудын оролцоо нэн чухал. Дотуур байрын багш, эмч нарт ч тодорхой шалгуур тавьж ажиллуулах нь зүйтэй. Энэ мэтээр цаашид улс, орон нутгийн хөгжлийг түүчээлэх боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэж Завхан аймгийн Засаг дарга хэлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд орон нутагт хийх томоохон бүтээн байгуулалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр “Хүүхэд хөгжлийн төв” байгуулсан дөрвөн сумын сургуулийн дотуур байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news