ЗАВХАН: Ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-05 15:40:35

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймагт гадаргын усан хангамжийг нэмэх зорилгоор гурван хөв цөөрөм байгуулжээ.


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Адапт төслийн санхүүжилтээр Цагаанчулуут, Отгон, Цагаанхайрхан суманд дунд оврын хөв цөөрмийг байгууллаа.


Цагаанчулуут сумын Гүүтийн булгийг түшиглэн бороо. цасны ус хуримтлуулах хөвийг байгуулсан. Хөв, цөөрмийн далангийн урт 142.2 метр, өргөн нь 4, өндөр нь 3 метр хэмжээтэй, ус хурах талбайн хэмжээ нь 17600 м.куб юм.


Отгон сумын Улаанчулуутын уулзварт далангийн урт нь 101 метр, өргөн 4, өндөр нь 2.32 метрийн хэмжээтэй ус хурах талбайн хэмжээ 4286.84 м.куб бороо, цасны ус хуримтлуулах хөвийг байгуулсан байна.


Цагаанхайрхан сумын нутаг Шороотод далангийн урт нь 111 метр, өргөн нь 4, өндөр нь 2.64 метр хэмжээтэй, ус хурах талбайн хэмжээ нь 4194,87 м.куб бороо, цасны ус хуримтлуулах хөв цөөрмийг байгуулсан байна.


Хөв цөөрмийг байгуулах ажлыг "Энх-Өргөө" ХХК гүйцэтгэж, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж хүлээн аваад байна.


Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалах, хуримтлуулах нь бидний үүрэг юм. Аймаг сумын шийдвэр гаргах түвшнийхэн, мэргэжлийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг хамтын ажиллагааны дүнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон талын ажлын нэг хэсэг нь энэ юм.


Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, БОУАӨЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг 2021 оноос  Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжүүлж байгаа юм.


Завхан аймагт Адапт төслийн хүрээнд татмын ойжуулалтаас гадна ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хөв цөөрөм байгуулах. Булгийн эх хашиж хамгаалах, бэлчээрийн менежмент буюу нөхөн сэргээх, сэлгэх, хадлан тэжээлийн нөөц газар байгуулах.

Эслэг бүтээгдэхүүн болон өвс тэжээлийн агуулах барих, засварлах, шинээр худаг гаргах ажлыг үр дүнтэй хийснээр 61000 гаруй иргэн, малчид үр шимийг нь хүртээд буй юм гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.


Ташрамд хөв, цөөрөм нь түр зуурын ч бай, байнгын ч бай голын урсцыг ашиглаж, ямар нэгэн байдлаар жижиг усны хуримтлал бий болгох аргыг хэлдэг. Хөв, цөөрмийг байгалийн жамаар бий болгохын тулд голын урсгалд хаалт хийгээд, тэр хаалтад ус тулахад усны хуримтлал үүсгэдэг.


Хөв нь гараар буюу байгалийн нөхцөл байдлыг ашиглаад хийхийг нэрлэдэг бол цөөрөм гэдэг нь газрыг ухаж, техник ашиглаж хийхийг хэлдэг. Голын усыг үр дүнтэй ашиглаж, гуу жалгын дагуу урсаж байгаа усыг хуримтлуулахын тулд цуглуулдаг аргыг нийтэд нь хөв, цөөрөм гэж нэрлэдэг ажээ.

Гурван суманд байгуулсан хөв цөөрмийг ажлын хэсэг хүлээн авчээ

Related news