Б.Ганболд:Энэ жил 8.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Б.Ганболдтой цаг үеийн болоод суманд
өрнөж буй ажил үйлсийнх нь талаар хөөрөлдлөө.
Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын хэмжээнд аймгийн
төвөөс алслагдсан, хүн амын тоогоороо тэргүүлдэг хамгийн том сум. Тус сум 9 багтай бөгөөд хоёр нь
тосгоны статустай. Энд 7300 орчим өрхөд 27 мянга гаруй хүн ам оршин суудаг.
Аймгийн төвөөсөө 210 км зайд оршдог. Төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон
дэд бүтэц сайн хөгжсөн гээд онцлог ихтэй сум.
-Цаг үеийн
ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Манай Мандал сум “Цэвэр, хоггүй- Мандал сум”, Хоггүй, цэвэр-Зүүнхараа
хот” гэсэн аяныг хэрэгжүүлэхээр 5 дугаар сарын
2-ны өдөр нээлтээ хийсэн. Ингээд 6-ны өдөр Мандал сумын үндсэн гол томоохон
хогийн цэгүүдээ нийт ажилчид, албан байгууллага, иргэдийнхээ хүчээр
холдуулсан. Ерөнхий цэвэрлэгээний аян бүтэн
сар үргэлжилнэ. Гэхдээ ганцхан хог цэвэрлэх биш. Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах,
цэвэр Зүүнхараа хотын хүрээнд байгууллага ААН-үүд мод тарихаас гадна өөрийнхөө
гадна орчныг өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй байлгах ажлыг гэрэлт
гудамжнаасаа эхлээд энэ 30 хоногийн дотор хийж, нэлээд ажлыг амжуулаад явж байна.
Мөн энэ сарын 14-ний өдөр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын болоод Манал
сумын Засаг даргын захирамжаар ажлын баг гарган ААН-үүд мод тарих хөдөлгөөнд
оролцож байна. Мөн багийн Засаг дарга нарын түвшинд ард иргэдээ гудамж талбайн
хог цэвэрлэх ажилд идэвхтэй хамтран оролцохыг уриалан ажиллаж байна.
-Танай суманд Ноён уулын асуудлаар эрдэм шинжилгээний
бага хурал болсон. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан сумын Засаг даргын
зүгээс ямар байр суурьтай байна. Төрийн тахилгат уул болсноор суманд ямар ач
холбогдол, иргэдэд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх бол?
-Манай суманд бас нэгэн онцлог баяртай үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 онд Сэлэнгэ аймгийн ганц түүхт хайрхан Ноён уул маань төрийн тахилгат болсон. Энэ шийдвэртэй холбогдуулан өнөөдөр Мандал суманд “Ноён уулын тахилга, түүх соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж байна. Үүгээр манай сум тэр дотроо Сэлэнгэ аймагт түүхэн үйл явдлын нэг болж байгаа юм. Сэлэнгэ аймгаас ганцхан Ноён уул төрийн тахилгат болж байгаа нь Монгол Улсын хэмжээнд 12 дахь юм байна.
Ноён уул гэдэг бол Мандалчуудын, Сэлэнгэчүүдийн үнэт зүйл. Дээр нь
монголчуудын гол дархлаа, олон мянган жилийн түүхтэй энэ том уул, усыг дагаж
амьдарч ирсэн бидний хувьд маш баяртай зүйл. Яагаад гэвэл цар тахлын хүнд
өдрүүдийн дараагаар төрийн тахилгат болж байгаа нь бидний хувьд бахархууштай
үйл явдал юм. Энэ нь төрийн тахилгат болохоос гадна
цаашдаа аялал жуулчлал яригдана. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар ер нь цаашдаа
хэдэн жилд тахиж байх ёстой, уг уламжлал соёл, ёс заншил нь ямар юм. Энэ талаар
манай эрдэмтэд үзэл бодлоо уралдуулж, Мандал сумын иргэдийн үгийг сонсож байгаа
нь том үйл явдал. Энэ нь цаашдаа
монголчуудын хувьд Ноён уулыг тойрсон энэ олон түүхийн дурсгалт газрууд ганцхан Монголын төдийгүй гадаадынхны нүүр царай болох боломж бүрдэж байна гэж ойлгож
байгаа.
-Мандал сум аймгийн төвөөсөө илүү хөгжиж байна гэх яриа
байгаа. Бүтээн байгуулалтын ямар ажил хийж байна?
-Мандал суманд энэ жил 4.4 тэрбум төгрөгийн, улсын төсөвтэйгээ нийлээд 8.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүний 3.3 тэрбум нь улсын төсөвт суусан 7 км бохирын шугамын асуудал байгаа. Мандал сум Зүүнхараа хотын хувьд нийтдээ 10 гаруй км бохирын шугам бий. Түүн дээр 7 гээд нийлээд 20-иод км бохирын шугам бий. Бид дулааны станцынхаа асуудлыг шийдүүлж чадвал маш том бүтээн байгуулалт болно. Бидний зүгээс зургийг хийгээд батлуулсан. Мөн эрдэмтдийнхээ зөвлөлөөр хэлэлцүүлээд 54 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр Мандал сум Дулааны станцтай болох асуудал нааштай байдлаар ярьж байна. Цаашдаа бохирын асуудлаа шийдвэл Зүүнхараа хот маань 22 км хатуу хучилттай замтай. 20-иод км бохирын шугамтай, айлууд ч холбогдох боломжтой, дулааны төв магистраль шугамтай, дулааны станцтай ийм томоохон хот болон хувирна. Мандал сумын хувьд аймгийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн ажил бий. Эхний тендер нь зарлагдаад гэрээ хийх шатандаа явж байгаа.
Аймгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ тэрбум 100
гаруй сая төгрөгийн хатуу хучилттай зам тавих асуудал бий. Дээр нь тэрбум орчим
төгрөгийн нийтийн эзэмшлийн байруудын дээвэр, гадна пасадын засварын ажил хийнэ.
Нэг хүндрэлтэй зүйл энд байгаа. Тэр нь өнгөрсөн жил буюу түүний өмнө жил хийсэн
зураг төсвөөр хийх боломжгүй болсон. 2022 онд байгаа барилгын материалын үнэ
өртөг хэд дахин өссөн. Иймээс байгаа төсөвтөө тааруулж тухайн зарим ажлаа
хасах, танах асуудлууд бидэнд тулгарч байна. Сумын хөрөнгө оруулалтаар 2.3
тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил бий. Энэ дотор бас Мандал сумын дотор
хайрган хучилттай зам тавина. Энэ зам маань 600-гаад сая төгрөгийн өртөгтэй. Мөн
зарим нийтийн эзэмшлийн орон сууцуудын дээвэр пасадын ажлууд хийнэ. Хойтон
жилийн төсөвт суулгаж хийх зураг төсвийн ажил ч бий. Тухайлбал бойны зураг,
бохирын шугамын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт 2.3 тэрбум төгрөгийн
хөрөнгө зарцуулахаар байгаа. Нийтдээ 8.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт
хийнэ.
-Хогийн асуудлаа хэрхэн шийдэж байна?
-Хоггүй
цэвэр сум болж, хогноосоо салахаар 5 дугаар сард тавьсан гол зорилгоо нийт ард иргэд,
аж ахуйн нэгжийнхээ хүрээнд энэ сардаа багтаан дуусгах зорилт тавьсан. Энэ
ажлын хүрээнд сумын ИТХ-аас гарсан ажлын баг Улаанбаатар хот, Багануур
дүүргийн хогийн хаягдлын менежментийн талаар судлаад ирсэн. Тэгээд ерөнхийдөө
бид энэ үндсэн цэгээ булшилж шатаах уу, дээрээс нь дарах уу, эсвэл үндсэн шинэ
газар хогийн цэг нээх үү гэсэн асуудлыг ИТХ-аараа шийдэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө
5 дугаар сарын гол ажил бол Мандал сум хоггүй хот болохын төлөө бүх нийтийн
ажил болоод байна. Мандал сум хойшид ч, цаашдаа ч бүх нийтийн цэвэрлэгээг
тогтмолжуулна.
-Хаврын тариалалтын ажил ид өрнөж байна. Танай сумын
тухайд?
-Мод
тарих үргэлжилнэ. Дээр нь хаврын тариалалтын ажил ид дундаа эхлээд явж байна. Мандал
сум дан ганц үйлдвэрийн район биш. Хажууд нь ХАА, МАА, газар тариалангийн гол
бүс нутаг. Энэ жилдээ 7 мянга орчим га-д тариалалт хийнэ. Манай сум төмс,
хүнсний ногоогоороо Улаанбаатар хотын эрт ургацын байцаа, луувангийн 50-иас
дээш хувийг, сүүний 60-аас дээш хувийг хангаж байгаа ийм том үйлдвэрлэгч. Сая 3 дугаар сард манайх ногоочдынхоо зөвлөгөөнийг, 4 дүгээр сард малчдынхаа зөвлөгөөнийг, сая 5 дугаар сард тэрбум модныхоо зөвлөгөөнийг хийсэн. Үүгээрээ иргэддээ боломжуудаа
танилцуулаад олгох газрынхаа хэмжээ, байршлыг танилцуулсан.
-Зүүнхараа үйлдвэржилт олонтой сум. Дотоодынхоо үйлдвэрлэлийг
хэрхэн дэмжин ажиллаж байна?
-Зүүнхараа
хот маань өөрөө үйлдвэрийн район. Сумдтайгаа харьцуулбал. Үүн дотроо хүнсний
манлай үйлдвэр Спирт бал бурам компани байгаа. Жилдээ өдөрт 50-60 тонн шингэн
сүүг Улаанбаатар луу зөөдөг бол түүнийхээ тал хувийг буюу өдөртөө 30 тонн шингэн
сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг энэ компани аймаг, сумын зөвшөөрөл аваад,
ХААХҮЯ-нд хандаад ирэх 9 дүгээр сараас эхлэх гэж байна. Өдөр тутам 30 тонн сүүг
боловсруулах хүчин чадалтай барууны үйлдвэр оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ
маань юу хийх вэ гэхээр тухайлбал шар сүүгээр Солонгосын сөөжүү шиг тийм 11,
12, 15 градусын нэрмэл архи үйлдвэрлэнэ. Дээр нь цөцгий боловруулна. Мөн Европын технологиор бяслаг хийнэ.
Монгол бяслаг биш. Ийм тоног төхөөрөмж оруулж ирэхээр манай хүмүүс ажилдаа орцон
тоног төхөөрөмжөө суурилуулах ажил энэ намраас эхлэхээр туршилтын ажлууд хийгээд
стандартаа авахаар аймаг, сумынхаа дэмжлэгийг аваад явж байна. Дээр нь Мандал
суманд Монголд ганцхан байдаг, олон ажилчинтай, ачааны вагон засварын депо гэж
бий. Тэр маань эхний өргөтгөлөө хийсэн. Дараагийн өргөтгөлдөө ороод сумынхаа
хэмжээнд ажлын байруудыг гарган засварчдаа өөрийнхөө Зүүнхараа коллеж дээр
бэлтгэн сургаад явж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.