Завханы 260 гаруй эх "Эхийн алдар" одон хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-02 15:01:43

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт эх үрсийн баярын өдөр 264 эх "Эхийн алдар" одонгоо гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар зарлигаар алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгоор 13 эх, хоёрдугаар зэргийн одонгоор 251 эх энгэрээ мялаалаа. Энэ жилийн одонгоо гардан авсан эхчүүдээс хамгийн залуу нь 1996 онд төрсөн Түдэвтэй сумын Ойгон багийн иргэн Түмэнбаярын Энх-Дөлгөөн II зэргийн зэргийн одонгоо хүлээн авчээ. Харин хамгийн ахмад нь 1964 онд төрсөн Тэс сумын иргэн Бадарчийн Даариймаа мөн II зэргийн одон хүртээд буй. Эхчүүдэд "Эхийн алдар" одонг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарын албаны хүмүүс хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 



–“Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол хүн юм. Тэр дундаа улс орныхоо хөгжлийн их үйлсийг үргэлжлүүлэх, бүтээн байгуулах нь хүүхэд, багачууд юм. Улс эх орныхоо ирээдүй хойч үеийг төрүүлж, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бахархам үйлс билээ. Иймдээ ч Монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай. Энхрий үрсээрээ гоёж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ижий нартаа халуун баяр хүргэе” гэж  одон гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал онцоллоо. 

“Эхийн алдар” одон бол ээж хүний балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн илэрхийлэл юм. Эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд төрөөс хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Завхан аймаг энэ жилийн хүүхдийн баярыг "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 










Related news