Бяцхан хүүхдүүдийн дунд бэсрэг наадам зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-03 10:36:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын багачууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр даага уралдуулан, бөхийн барилдаан, үндэсний сур болон шагай харваа бүхий бэсрэг наадам зохион байгууллаа.  

Эрийн гурван наадмын дэг жаягийг хүүхэд залуучуудад өвлүүлэх, өв соёлоороо бахархан, дээдлэх эрмэлзлийг төрүүлэх зорилго бүхий тус наадмыг сумын Соёлын төвөөс зохион байгуулж, малчид ивээн тэтгэжээ.

Дааганы уралдаанд 16 даага уралдсанаас, түрүү магнайд Б. Мөнгөншагайн загал, аман хүзүүнд С.Бүдрагчаагийн хээр давхиж, мөн С. Бүдрагчаагийн цавьдар, Б.Содномдаржаагийн зээрд, Б.Мөнгөншагайн зээрд халзан тус тус айргийн тавд давхиж, М.Цэрэнпунцагийн хул даага баян ходоод боллоо. 

Сур харвааг сум орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор аймгийн мэргэн Л.Гантуяаг урьж, сумандаа сургалт явуулсан бөгөөд “Монгол өв соёлоороо гангаръя” сур харваанд 12 хүүхэд оролцжээ.

Харин “Даяар буянт” шагайн холбоотой хамтран хүүхэд, залуучуудад энэхүү спортыг сурталчлан таниулах зорилгоор шагайн харвааны сургалт явуулсны үр дүнд бэсрэг наадамд багийн болон цуваа харваан төрлөөр 12 хүүхэд өрсөлдөж, Б.Даваахүү  түрүүлж, Н. Ану-Үжин, Б. Лувсан-Иш удаах байруудад шалгарсан байна. 

Хүчит бөхийн барилдааныг Дэрсэнэ-Ус багийн өндөр настан Н.Шийтэрийн гэр бүл, үр хүүхдүүд зохион байгуулж, 5-10, 11-16 насны ангилалд тус тус 32 хүүхэд оролцжээ.

Related news