Төрийн байгууллагууд санхүүгийн хэмнэлттэй, сахилга хариуцлагатай ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг төсвийн
байгууллагын нягтлан бодогчдыг сэлгэж ажиллуулах шийдвэрийг гаргажээ.
Аймгийн төсвийн байгууллагын санхүүгийн ажилтны зөвлөгөөн болж, Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй бүх төсөвт байгууллагын нягтлан бодогч, 24 сумын Санхүүгийн албаны дарга, төсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нягтлан бодогч, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба зэрэг байгууллагын 200 гаруй албан хаагч оролцлоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг
дарга Д.Түвшинжаргал нээж, -“Улс орон даяар төсвийн хэмнэлтэд шилжсэн энэ үед
төрийн хяналт шалгалтын байгууллага, төсвийн захирагч, нягтлан бодогч,
санхүүгийн мэргэжилтнүүд хариуцлагатай ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ үр
дүнтэй биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын төсөв захирагч,
нягтлан бодогч нар батлагдсан төсөвт зохицуулж үйл ажиллагаагаа явуулах
үүрэгтэй” гэв.
Мөн зарим нягтлан бодогчид өр тавьчихаад хэн нэгнээр барагдуулах
ёстой мэт байж болохгүй. Үүний цаана мөн л хариуцлагын асуудал яригдана. Төсөв
ил тод, хэмнэлттэй, зарчимтай, шударга байх ёстой. Нэг байгууллагад олон жил
ажилласан албан хаагчдын ажлын бүтээмж, идэвх санаачилга мууддаг. Тиймээс
цаашид нягтлан бодогчдыг сэлгэж ажиллуулна гэв. Өнгөрсөн жил сумдын орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 100 хувь олгож, аймгийн Засаг даргын нөөц
санг үр дүнтэй зарцуулсан. Хуулийн дагуу аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг
даалгаврыг хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй удирдлагуудыг ажлаас чөлөөлөх
арга хэмжээ авна. Цаашид төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба,
тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг
хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилго
бүхий “Төрийн хэмнэлтийн хууль”-ийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо гэж
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Санхүүгийн ажилтнууд сахилга хариуцлагыг үлгэрлэнэ
Завхан аймаг 2022 оныг “Төрийн
албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан.
Тиймээс Завхан аймгийн төрийн байгууллагын санхүүгийн ажилтнууд сахилга хариуцлагыг хамгийн түрүүн үлгэрлэх ёстой. Үүнтэй холбогдуулан аймгийн санхүүчдийн зөвлөгөөнд урилгаар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх оролцож, “Нягтлан бодогчийн ёс зүй, менежерийн ур чадвар, манлайлал” сэдвээр илтгэл тавилаа. Мөн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар улс орон нутгийн төсвийн харилцаа, Төрийн аудитын газрын дарга Д.Бат-Ундраа төрийн аудитын шинэчилсэн хуулийн тухай, Татварын хэлтсийн дарга Л.Содном НӨАТ-ын цахим төлбөрийн баримт, татварын орлогын бүртгэлийн талаар анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн зөвлөгөөний үеэр санхүүгийн хяналт шалгалтын өнөөгийн байдал, анхаарах асуудлууд, Завхан аймгийн төрийн байгууллагуудын 2019-2021 оны санхүүгийн тайлан баталгаажуулалтын аудитаар илэрсэн нийтлэг зөрчил болон цаашид анхаарах асуудлууд, үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл, 2021 оны санхүүгийн нэгдсэн тайлан, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Мөн санхүүгийн ажилтнуудын заавал мэдэх ёстой сонирхолтой мэдээллүүд
болох, санхүүгийн зах зээл ба койн түүний эрсдэлүүд, ОНХС-ийн хэрэгжилт, цаашид
анхаарах асуудлуудын талаар зөвлөгөөнд оролцогчдод мэргэжлийн байгууллагуудаас
мэдээлэл өгч харилцан санал солилцсон. Зөвлөгөөнөөс төрийн байгууллагын
санхүүгийн алба, ажилтнууд нь төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулга, төрийн
хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан зөвлөн тусалж ажилласнаар ёс
зүй, сахилга хариуцлагаа дээшлүүлнэ. Мөн санхүүгийн үйл ажиллагаанд гарч буй
зөрчлийг тодорхой түвшинд арилгах зорилго тавин ажиллахаар боллоо гэж аймгийн
ЗДТГ-аас нэмж дуулгав.