Шилдэг 60 эсээг шалгаруулж, сурагчдад ухаалаг утас гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт "Smart
education II" төсөлд шалгарсан шилдэг хүүхдүүдийг гар утас, бүтэн
жилийн дата эрхтэй шинэ дугаараар шагнууллаа.
Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан "Smart education II" төслийг эхлүүлсэн. Энэ төсөлд Завхан аймгаас шалгарсан хүүхдүүдийг хүлээн авч, шагналыг нь гардуулан өглөө. Төслийн хүрээнд 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Ухаалаг утсаар урамтай суралцъя” сэдвийн дагуу эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Энэ уралдаанд аймгийн 24 сумын сургуулиудаас нийт 598 бүтээл ирснээс 60 шилдэг эсээг шалгаруулж, хүүхэд бүрийг ухаалаг гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаараар шагнаж урамшууллаа. Эдгээр сурагчид маань Voo app, medle.mn, багшийн туслах, БШУЯ-наас бэлтгэсэн цахим хичээлүүдийг үзэж суралцахад хэрэгтэй түгээмэл ашиглагддаг апп, сайтууд руу үнэгүй хандах эрхтэй тул бие даан өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжийг нь нээж өгч буй юм гэж Мобикомын Завхан аймаг дахь салбараас мэдээлэв.
Сүүлийн хоёр жил 100 сурагчийг ухаалаг гар утастай болгожээ
Манай компаниас 2021 оны наймдугаар сард “Smart
education I” төсийн хүрээнд Завхан
аймгийн хэмжээнд нийт 40 хүүхдэд гар утас бэлэглэсэн.
Тэгвэл энэ жил, хоёр дахь удаагийн төслөөрөө 60 хүүхдэд гар утас бэлэглэж, нийт 100 сурагчийг ухаалаг гар утастай болгоод буй юм. Мөн шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр БШУГ-аас бага ангийн сурагчдын хоцрогдлыг тоглоомын аргаар арилгах зорилгоор бүх сургууль дээр 1,5 сая төгрөгийн тоглоом худалдаж авах төсөл бичсэний дагуу эхний санхүүжилтийг Мобиком корпорац хийж 1,5 сая төгрөгийг Улиастай сумын IV сургуульд хандивлаад байна. Энэ удаагийн шагнал гардуулах үйл ажиллагаанд манай корпорацын Хэрэглэгчийн борлуулалтын газрын захирал Ц.Ганзориг, Маркетинг хариуцсан дэд захирал Юүжи Ито, Техникийн төлөвлөлт, Менежмент эрхэлсэн дэд захирал Шибано Ёшижиро, "Мобиком нетворкс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Дагвасүмбэрэл, Сурталчилгаа, Олон нийттэй харилцах албаны менежер Э.Ариунсанаа, Баруун бүсийн борлуулалтын хэлтсийн менежер Б.Энх-Амгалан болон Завхан аймгийн Засаг даргын орлогч А.Болормаа, БШУГ-ын дарга Д.Бямбацогт нарын албаны хүмүүс оролцож шилдэг эсээний эздэд шагналыг гардуулан өглөө гэж Мобикомын Завхан аймаг дахь салбараас нэмж мэдээлэв.