Өндөршил сумын наадамд зөвхөн монгол адуу уралдуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын уяачдын холбооны төлөөлөгчид
хуралдаж, 100 хувийн саналаар энэ жилийн
үндэсний баяр наадамд зөвхөн монгол
адуугаа уралдуулах шийдвэр гаргажээ.
Шил адуу, Шилийн борнууд, Шилийн гүр адуугаараа алдартай
Өндөршил сумынхан үндэсний морин уралдаан, монгол адууны өв соёлоо хамгаалж
хойч үедээ өвлүүлэх, морин уралдаанд
шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийн тулд ийнхүү шийдвэрлэжээ.
Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож,
ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал багатай, зүс жигд, зүсний
хувирал, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь Шил
адууны онцлог аж.
Орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан
адууны угшлын генетик тогтоцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос
эхлүүлж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр Шил адууг
2019 онд бие даасан омог болон батлуулжээ.
2022 онд тус сум нэг түм гаруй адуун сүрэгтэй болсноо
тэмдэглэж, Монгол Улсад бүртгэлтэй омог адууныхаа баярыг аймгийн зүүн бүсийн хэмжээнд
зохион байгуулахаар болж, энэхүү наадамд зөвхөн монгол адуугаа сойж, уяачийн ёс
зүй, жудгийг эрхэмлэн морьтой наадна гэдгээ тус сумын Уяачдын холбооноос ийнхүү
мэдэгдлээ.