Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулах чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-10 13:25:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд энэ сарын 9-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах орчин, хүртээмжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв. 

“Тэгш хамруулах боловсролыг дэмжье” мэдээлэл солилцох тус уулзалтад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ болон БШУГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, арга зүйч, 9 багийн Засаг дарга нар оролцжээ. 

Уулзалтаар боловсролын үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид  хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, ХБХ-үүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг тэдэнтэй ажиллах арга зүйд системтэйгээр сургах хэрэгцээ байгаа талаар ярилцсан байна.  

Мөн сургууль, цэцэрлэгийн “Дэмжлэгийн баг”-ийг чадавхжуулах, тойрогт байгаа хүүхдүүдийг бүрэн илрүүлдэг тогтолцоог бий болгох, багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, нийгэм, гэр бүл асран хамгаалагчдын хандлагад нөлөөлөх хэрэгцээ байгаа ажээ.  

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр уулзалтад оролцогчдод “аймгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг яаралтай байгуулах, холбогдох байгууллагуудын болон  багийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бусад сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежер нарыг чадавхжуулах тэдэнд мэдээллийг жигд хүргэх ажлыг зохион байгуулах” үүрэг чиглэл өгчээ.

“Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар БШУЯ хэрэгжүүлж байгаа бөгөөд “хөгжлийн бэрхшээлтэй охид хөвгүүдийн боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” зорилготой юм. 

Тус төсөл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Дорнод, Дундговь аймагт хэрэгждэг бөгөөд Дундговь аймгийн хувьд Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургууль, 3 дугаар цэцэрлэг төслийн зорилтот байгууллагаар сонгогдсон ажээ.


Related news