Б.Нямцэнд: Ногоон хэрмийн туслах зурвас байгуулсан талбайг хашиж хамгаалах ажлуудыг эрчимтэй хийж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-11 19:22:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт энэ жил улсын төсвийн санхүүжилтээр хэчнээн га талбайд ойжуулалтын ажил хийхээр төлөвлөсөн тухай аймгийн БОАЖГ-ын Ойн албаны мэргэжилтэн Б.Нямцэндээс тодрууллаа.

-Сайн байна уу? Завхан аймаг энэ жил ойжуулалтын ажлыг хэчнээн га талбайд хийх бэ?

-Жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. Энэ жил Завхан аймаг нийт 100 га талбайд ойжуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Тосонцэнгэл сумын ойн санд 50 га, Яруу сумын ойн санд 50 га нийт 100 га талбайд ойжуулалтын ажил хийхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын шатандаа явж байна. Энэхүү ойжуулалтын ажлыг улсын төсвийн 120 сая төгрөгөөр хийх юм.

-Ногоон зурваст хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн байсан?

-Тийм ээ. Ногоон хэрмийн туслах зурвас байгуулсан 70 гаруй га талбайг 2500м хайсаар хашиж хамгаалах ажлыг Эм Эл Эс трейдинг ХХК хийж гүйцэтгэсэн байгаа. Хайсыг төмөр шон, ханан хээтэй тор, гурван эгнээ өргөстэй тороор хийсэн. Мөн говийн бүсийн Завханмандал сум дахь Ногоон хэрмийн туслах зурваст тор татаж хайсжуулсан байгаа. Ногоон хэрмийн туслах зурвас байгуулсан 70 гаруй га талбайг 2500 м хайсаар хашиж хамгаалах ажлыг хийжээ. Түүнчлэн 24 сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Тодруулбал, Мөнх ногоон тал ХХК-тай 6х10 метрийн, Солонгос улсад үйлдвэрлэсэн, иж бүрэн,  нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх гэрээг байгуулсан. 24 сум тус бүрт нэг ширхэг хүлэмжийг хариуцлагын гэрээ байгуулан хүлээлгэн өгөөд байна. Шинэ шугуй БГБХ нөхөрлөлтэй навчит мод, стандарт шаардлага хангасан 4300 ширхэг суулгац нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Сум тус бүрт улиас, бургас, шар хуайс, хайлаасны 179 ширхэг суулгацыг хүлээлгэж өгөөд байгаа. Дээрх хөрөнгө оруулалт, дэмжлэгийг хүлээн авсан иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд маань хариуцлагын гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа болохоор үр дүнг заавал тооцож ажиллах юм.

-Ойг нөхөн сэргээх, хамгаалах талаар иргэдийг мэдээлэлжүүлэх ажлыг хийдэг байх?

-Тийм ээ. Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарал, элсний нүүдлийг сааруулж, хөрс, усыг тогтворжуулж, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх экосистемийн чухал ач холбогдолтой байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Өнөөдөр ойн хомсдолын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Ой мод, байгаль орчноо хамгаалах, олон нийтэд ойлгуулж, мэдлэг олгох нь ирээдүй хойч үедээ үлдээж буй байгалийн үнэт өв юм. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр буюу дэлхийн ойн өдрөөр иргэдэд ойн талаарх судалгаа, мэдээлэл, нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн түймэр гэх зэрэг, ойг хамгаалах ач холбогдлын талаарх мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд цахимаар болон зурагт хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Мөн заавал ойн өдөр гэхгүйгээр мэдээлэл сурталчилгааны ажлыг цахимаар илүү их хүргэж байна.

Ер нь ойн өдрийг жил бүр өөр өөр уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тухайлбал 2017 онд “Ой ба энерги”, 2018 онд “Ой ба тогтвортой хотууд”, 2019 онд “Ой ба боловсрол”, 2020 онд “Ой ба биологийн олон янз байдал, алдаж боломгүй үнэ цэнтэй, 2021 онд “Ой ба амьжиргаа-Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин

энэ жил, дэлхийн ойн өдрийг олон улсад “Эх дэлхий тогтвортой хэрэглээ” уриан дор, тодруулбал, “Ойн тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэсэн. Тиймээс орон нутагт ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажилд чухал хэрэгцээтэй байгаа модны суулгацыг ургуулж, нийлүүлэх ажлыг хийж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих. Орон нутгийн мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг хийх нь чухал болоод буй.

Ой нь дэлхийн хуурай газрын экосистемд томоохон байр суурийг эзэлдэг. Ойн экосистемд хүний нийгэм, нийгэм-эдийн засгийн бүх талын гүйцэтгэх үүрэг оролцоо их өндөр байдаг. Тиймээс ойн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, экосистемийн гүйцэтгэх үүргийг танин мэдүүлэх. Ойн нөөцийг хамгаалж нөхөн сэргээх уриалгыг бүх нийтэд мэдүүлэх нь чухал юм. Энэ талын ажлуудыг байнга, давтамжтай хийхийг зорьж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум мод тарих уриалгыг өнгөрсөн онд гаргаж, энэхүү уриалгыг иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжиж, төрийн бодлогоор мэргэжлийн байгууллагууд хамтран орон нутагт маш үр дүнтэй ажлуудыг эхлүүлээд байгаа. Тарьсан суулгац бүр ургалт сайн, үр дүнтэй байхын тулд талууд хамтран хичээж байгаа нь сайшаалтай юм.

-Завхан аймагт Монгол орны ойн хэчнээн хувь нь байдаг вэ?

-Монгол улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, Үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа орно.

-Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг ойн нөхөрлөлүүд хийж байгаа юу?

-Тийм ээ. Тухайлбал Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Дугариг цагдуулт нэртэй газрыг "Ойн их хишиг" ХХК 50 га, Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн голын эх нэртэй газар "Мод модлог ургамлын үржүүлэг" ХХК 50 га газрын байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийж, хангалттай үнэлгээтэй аймгийн БОАЖГ-т хүлээлгэж өгсөн. Мөн Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын голын эх нэртэй газар, "Баян тэгш баяжих" ХХК 50 га, Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Улаан хаалганы ам нэртэй газарт "Мөнх ногоон ой" ХХК 50 га, нийт 200 га талбай байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийж  хангалттай үнэлгээтэй өнгөрсөн жил хүлээлгэж өгсөн байна. Энэ жилийн тухайд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийх нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулах ажлууд хийгдэж байна.

-Ойд хүний үйл ажиллагаа ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ? Ялангуяа ойн түймрээс урьдчилан сэргийлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ямар ажлууд хийдэг вэ?

-Ойд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөө их бий. Тухайлбал хэт том талбайд мод бэлтгэх, хууль бус мод бэлтгэл, ойрхон давтамжтай өргөн цар хүрээтэй ойн түймэр, алт олборлолтоос үүдэн бэлчээрийн талбай хорогдох. Бэлчээр хорогдсоноос малын бэлчээр ой руу тэлэх гэхчлэн сөрөг нөлөө их бий. Хорхой шавж болон өөр ан амьтан ч ойд хөнөөл учруулдаг. Гол биотик хөнөөгч нь шавж (хүр хорхой, хүр эрвээхий) Хүр хорхой (Ips subelongatus) авгалдайгаа өвчтэй модонд шахдаг бөгөөд модонд учруулах хөнөөл нь тийм ч аюултай бус юм. Харин хэт их олширсон тохиолдолд модыг бөөнөөр нь гэмтээдэг бөгөөд үүнээс болж мод хатаж хорчийдог. Мөн мод бэлтгэлээс үлдсэн хаягдлыг цэвэрлэж зайлуулаагүйгээс хүр хорхой үржих нөхцөл бүрддэг. Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus) олширсон тохиолдолд ойн талбайд их хэмжээний хохирол учруулдаг.


Ойн экосистемд учруулж байгаа ан амьтны хохирол төдийлөн их биш ч байгалийн аясаар залуужиж байгаа өсвөрийн ургацыг гэмтээснээр их хэмжээний хохирол үүсдэг юм. Мөн модны их бие түймэрт идэгдэж гэмтсэнээр мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг. Мөөгөнцөрт идэгдсэн мод яваандаа ялзарч техникийн ашиглалт нь буурдаг. Түүнчлэн шигүү ургасан хог ургамал намар хатаж, өвөл цасан бүрхүүлд хучигдсанаар нялх тарьц, суулгацыг дарж ойг нөхөн сэргээх ажилд их хэмжээний алдагдал учруулдаг.


Тарьц, суулгацаа үхүүлэхгүйн тулд тогтмол арчилж эргэн тойрных нь хог ургамлыг хадах шаардлагатай. Бүлгээр нь огтолсон талбайд хог ургамлын төрөл, өтгөрөлтөөс хамаарч бургас огтлогч төхөөрөмж ашиглах нь тохиромжтой байдаг. Долдугаар сарын сүүл найман сарын эхээр хог ургамлыг хадахад тохиромжтой байдаг. Хог ургамлыг хадах ажил ямар нэг хохиролгүй явагдахад тарьц, суулгацыг ижил зайтай эгнүүлж тарих нь хог ургамлыг хадах ажилд элдэв бэрхшээл үүсэхгүй сайн талтай байдаг. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх, нөхөн сэргээлтийн ажилд заавал мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөл, иргэд хамтран оролцох нь чухал юм.

-Танд баярлалаа

 

Related news