Он гарсаар 250-аад донор цусаа хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-15 10:07:34

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Ховд аймгийн тухайд бүртгэлтэй 1300 орчим цусны донор бий.  Тэдний 400-500 орчим нь тогтмол цусаа өгдөг байна. 

Он гарсаар 250-аад донор бусдын амийг аврахын төлөө цусаа бэлэглэжээ. Доноруудын өгсөн цусаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь есөн төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цусны нөөцөө бэлтгэн ажиллаж байна. 

Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой “Цусны донорын дэлхийн өдөр”-өөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Цусны салбар төвөөс нэр бүхий доноруудыг алдаршуулж, тэдэнд талархал илэрхийллээ.

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд “Хүндэт донор” 10-аар нэмэгдэж 54 боллоо.

Цусны салбар төв нь өөрийн аймгийн 17 сум, зэргэлдээх дөрвөн аймгийн хил залгаа сумдын эрүүл мэндийн төвийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж байна. Өнгөрсөн онд нийт 280 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

Related news