Австрид “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах журмыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-24 09:35:05

ВЕНА. /DW/. Австрид “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах журмыг цуцалж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Йоханнес Раух пүрэв гарагт мэдэгджээ. Энэхүү журмын хэрэгжилтийг өмнө нь түр зогсоогоод байсан юм.


“Вакцинд заавал хамрагдах журмыг бид цуцлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр цаашид энэхүү журмын дагуу вакцин хийлгэх шаардлагагүй болно” гэж Й.Раух хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Австрийн Засгийн газар 18 болон түүнээс дээш насны бүх иргэнд “COVID-19”-ийн вакцинд хамрагдах шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн онд мэдэгдсэнээр ийм шийдвэр гаргасан Европын анхны орон болсон юм. Энэхүү журам энэ оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн боловч гуравдугаар сараас хэрэгжилтийг нь түр зогсоосон байна.


Өнгөрсөн сард Засгийн газар мөн амны хаалт заавал зүүх журмыг цуцлахаа мэдэгдсэн ч Эрүүл мэндийн яам энэ оны сүүлээр дахин хэрэгжүүлж магадгүй гэдгийг мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар, Австрийн хүн амын 62.4 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байна. Тус улсад коронавирусний халдварын улмаас 20 мянга гаруй хүн нас баржээ. 

Related news