ХОВД: Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-05 16:47:19

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймаг 90.333 хүн амтай бөгөөд 23.329 өрх, 36.736 хүүхэдтэй гэх судалгаа бий. Сүүлийн жилүүдэд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна.


Тус аймгийн хэмжээнд нийт 29 хамтарсан баг бий. Үүнд 217 албан хаагч ажиллаж, гэр бүл, хүүхдийн өмнө үүрэг хүлээж буй.

Иймээс хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, чадавхжуулах зорилго бүхий сургалтыг өнөөдөр Ховд аймагт өрнүүллээ. 


Сургалтад ерөнхий боловсролын сургууль, политехник коллеж, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн газрын албан хаагчдын төлөөлөл нийт 100 хүн оролцож, ажлын туршлага солилцов.  


Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа үг хэлж, хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцоог чухалчилж, үүрэг хүлээгчдийг чадваржуулах, гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулах чиглэлд анхаарч, ажиллана гэдгээ илэрхийллээ.   

 

Тухайлбал 2020-2024 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн Баянбулаг зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх, Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах, Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэв.  

  

“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт  уг сургалтыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв хамтран зохион байгуулсан нь энэ юм.


Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХНХ-ын сайдын Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ундраа нар Ховд аймагт ажиллаж, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг мэргэжил арга зүйгээр хангаж байна.  

 

 

 

Related news