Хот суурин руу тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-20 13:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж, тарваган тахлын үед хариу арга хэмжээг зохион байгуулах, тарваган тахлын идэвхтэй голомт бүхий аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Аймаг, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн дарга нарт цахим хурал зохион байгууллаа.

 

Тус хурлаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, “Нийт 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж шинжилгээ хийгээд байна. Энэ бол хот суурин газар руу тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэйг анхааруулж байна” гээд тарваган тахлын хүний өвчлөлтэй холбоотой одоогийн нөхцөл байдал, ЭМЯ, ЗӨСҮТ, Ховд аймгийн ЗӨСТ-өөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг танилцууллаа.

Мөн өвчтөний ойрын хавьтлуудыг тодорхойлох, тусгаарлах, өвчтөн болон ойрын хавьтлуудаас лабораторийн шинжилгээний сорьц, дээж авах, зөөвөрлөх, шинжлэх болон голомтын халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг хариу арга хэмжээнүүдийн талаар ЗӨСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл өгч, арга зүйн зөвлөмж өгөв.

 

Цахим хурлын төгсгөлд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол гарсан үед цаашид анхаарах асуудлаар санал солилцож, харилцан туршлага солилцлоо.



Related news