Экспортод гаргаж буй эрдэс баялгийн дөнгөж 1.1 хувийг боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн долоо хоногийн нэгдсэн үйл ажиллагаа гурав дахь өдрөө, далд уурхайн симпозиумаар үргэлжилж байна. Уг симпозиумаар “Оюутолгой: Дэлхийд өрсөлдөх гүний уурхайг цогцлоох нь” илтгэлийг хэлэлцүүлж, гүний уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаарх салбар хуралдаанаар ШУТИС-ийн гүнийн уурхайн хөтөлбөрийг танилцууллаа.
Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн гүний уурхайн үйлдвэрлэлийг
явуулж байна. Гүний уурхайд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх нь чухал гэдгийг хуралд
оролцогчид онцоллоо.
Монгол Улс экспортод гаргаж байгаа эрдэс баялгийнхаа 48.2 хувийг түүхийгээр нь, 50.7 хувийг баяжмал хэлбэрээр, 1.1 хувийг боловсруулан гаргадаг байна. Түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийн талаар өнөөдөр ярилцаж байна.
Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд мөн үүсмэл ордын ашиглалтын талаар онол-практикийн хурал болов. Үүгээр “Ачит Ихт” ХХК-ийн үүсмэл ордын ашиглалтын талаар танилцууллаа. Тус компани нь гипрометаллургийн үйлдвэрийн технологийг ашиглаж байна.
Мөн өнөөдөр "Аж үйлдвэржилт" сэдэвт салбар хуралдаан болж, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн өнөөгийн болон ойрын ирээдүйн үйл ажиллагааг танилцуулж байна.