УГТЭ-ийн нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөл аймагт ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-24 14:26:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн нүдний төрөлжсөн мэргэшлийн баг 9 дүгээр сарын 19-23-нд Хөвсгөл аймагт ажиллалаа.  Тус эмнэлэг өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

 

Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан аппарат хэрэгслийн тогтвортой үйл ажиллагааг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж дадлагажуулах, газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллажээ. Мөн орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг дэмжлэгт удирдлагаар хангах, төрөл хүртээмжийг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд нүдний мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо хийсэн байна.  

 

Баг бүрэлдэхүүн 7 хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй 10 гаруй үйлчлүүлэгчид (болор цайх, глауком, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авах гэх мэт) мэс заслын тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.



Related news