ГОВЬ-АЛТАЙ: Спортоор хичээллэнэ гэдэг бол эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-26 10:58:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо болсон Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах сорилго тэмцээнд Говь-Алтай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирсэн. Энэхүү тэмцээнд баг тамирчдаа богино хугацаанд бүрдүүлэн бэлтгэж, өөрийн сурсан мэдсэнээ бусдадаа түгээн дэлгэрүүлж яваа Говь-Алтай аймгийн Усан спорт, чийрэгжүүлэлтийн газар, “Цоохор ирвэс” клубийн багш, дасгалжуулагч З.Сарантуяатай ярилцлаа.

Тэрээр иргэдэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг, түүний ач холбогдлыг таниулан, фитнес, пауэрлифтинг, зумба бүжиг, мас-рестлингийн спортын чамгүй олон тамирчныг бэлтгэж яваа багш, дасгалжуулагч юм.


-Юуны өмнө баяр хүргэе. Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах сорилго тэмцээнд аймгийн баг тамирчдаа ахлан амжилттай оролцоод ирлээ. Хэдэн тамирчин оролцож, ямар амжилт үзүүлэв?

-Баярлалаа. Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах сорилго тэмцээнд Говь-Алтай аймгаас өсвөрийн болон насанд хүрэгчдийн нийт 20 гаруй тамирчин оролцоод ирлээ. Нийт 14 жингээр зохион байгуулсан энэхүү тэмцээнээс Азийн аваргын тэмцээнд оролцох эрхээ хоёр тамирчин авлаа. Тодруулбал, манай баг тамирчид 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл нийт 10 медаль 2 тусгай байр хүртлээ. 

Тэмцээний шагнал гардуулах үеэр Монголын Мас-рестлингийн холбооноос Говь-Алтай аймагт Мас-рестлингийн салбар холбоо албан ёсоор нээх эрхийг олгосон. 


-Өөрийн тань тухайд энэ спортоор хичээллээд удаагүй ч томоохон тэмцээнүүдэд чамгүй амжилт үзүүлсэн гэж дуулсан. Мас-рестлингийн спортыг хэзээнээс сонирхон хичээллэх болов, ямар амжилт үзүүлсэн тухай яривал?

-Миний тухайд энэ хавар тавдугаар сард анхны тэмцээн болох Мас-рестлингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцсон. Тухайн үед ямар спорт байдгийг ч мэдэхгүй, хүсэл сонирхлоороо зорин очиж оролцсон. Улсын аваргаас алтан медаль авч, дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Тэр цагаас хойш Мас-рестлингийн спортыг сонирхон хичээллэж байна. 

Долоодугаар сард ОХУ-ын Якутск хотод болсон Мас-рестлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртсэн. Мөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод “Колмар” цомын төлөөх тэмцээнд оролцож дахин хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. 


Энэ тэмцээнд явахаасаа өмнө төрөлх нутагтаа Мас-рестлингийн спортыг хөгжүүлэх зорилгоор тусгай төхөөрөмжийг нь захиалчихаад явсан. Тэгээд ирэнгүүтээ ажил хэрэг болгоё гээд Усан спорт, чийрэгжүүлэлтийн газрынхаа нэг жилийн ойн өдөрлөгөөр анхны тэмцээнээ зохион байгуулж, олон нийтэд таниулан сурталчилсан. 

Таван сарын өмнө энэ спортыг сонирхож аймгаасаа ганцаараа улсын аваргад оролцож байсан бол 20 гаруй тамирчнаар багаа бүрдүүлж сорилго тэмцээнд амжилттай оролцоод ирсэндээ маш их баяртай байна. Тэмцээнд зөвхөн төлөөлөл болж 20-иод тамирчин явсан, үүний цаана сонирхон хичээллэж байгаа олон хүн бий. 

-Одоогоор Мас-рестлингийн спортыг орон нутагтаа сонирхогчдын түвшинд дугуйлан секц хичээллүүлж байна уу, эсвэл мэргэжлийн тамирчин бэлтгээд эхэлчихсэн үү?

-Миний хувьд пауэрлифтингийн спортоор хичээллэдэг байсан маань энэ спортод хүч үзэж суурь нь болсон гэж хэлж болно. Анхны тэмцээндээ орчихоод надад цаашид энэ сортоор хичээллэх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Тиймээс аймгийнхаа хүүхэд, залууст таниулан, цаашид мэргэжлийн тамирчин бэлтгэх зорилгыг өөртөө тавьсан.

Сонирхогчдын түвшинд тамирчдаа бэлдэж анхны тэмцээндээ маш амжилттай оролцож, Азийн аваргын хоёр ч эрхтэй богц дүүрэн ирлээ. Цаашид олон улын тэмцээнд бэлдэж байгаа учир мэргэжлийн түвшинд тамирчдаа бэлтгэж эхэлсэн гэж хэлж болно. 

-Энэ спорт бусад спортоос юугаараа онцлогтой вэ? Сонирхон хичээллэх хүүхэд залууст мэдээлэл өгвөл?

-Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Саха /Якут/-ийн ард түмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны спорт. Энэ спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил, бие бялдар, оюун санааны боловсрол олгох ач холбогдолтой халз тулааны спортын нэгэн төрөл юм. Мас-рестлингийн спортоор хичээллэхэд гар, хөл, нурууны булчингаас маш их хүч шаарддаг. Тамирчид нэгнийхээ өөдөөс гарч ирж суугаад талбайг тусгаарлаж буй тусгай төхөөрөмж бүхий самбарт хөлөө түшиж, модон саваа татан хүчээ үздэг. 


-Өөрийг тань Алтайнхан фитнесийн Сараа багш гээд хэдийнэ таньдаг болжээ. Ер нь спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би багаасаа спортод их дуртай жүдо бөхөөр хичээллэдэг хүүхэд байсан. Анх 2003 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Манай гэр бүл 2004 онд Багануур дүүрэгт амьдрахаар шилжсэн. Тэндээ 2009 оноос пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж, 2011 оноос фитнесийн багш дасалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2016 онд анхны пауэрлифтингийн анхны тэмцээн болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байлаа.

2017 онд ОХУ-ын Москва хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Ингээд пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаад 2021 онд төрөлх Алтай нутгаа зорин ирж эндээ суурьшаад байна. Гол зорилго маань дасгал хөдөлгөөнийг орон нутгийн иргэддээ таниулан дэлгэрүүлье, эрүүл амьдралын хэв маягийг түгээе мөн өөрийн хичээллэдэг спортуудаар тив, дэлхийн олон тамирчин бэлтгэх их хүсэл эрмэлзэлтэй нутгаа зорин ирж байлаа. Ганцхан жилийн хугацаанд чамгүй их ажлын ард гарсан байна. Өөрийн зорилгоо ч биелүүлж чаджээ, цаашид ч хичээсээр байна. Богинохон цаг хугацаа ч гэсэн чамгүй амжилтыг гаргаж, өсвөрийн тамирчид маань ч хүртэл Монгол Улсын рекордыг эзэмшиж эхэлсэн байна. 


-“Цоохор ирвэс” клубийн багш, дасгалжуулчаар ажилладаг. Одоогоор клубдээ спортын ямар төрлийг гардан хичээллүүлж байна?

-Миний хувьд өнгөрсөн жил фитнес, пауэрлифтийнгийн “Цоохор ирвэс” клубийн багш, дасгалжуулагч Э.Цогтой ээлжийн багшаар ажиллаж байсан. Энэ жилийн тухайд өсвөрийн хүүхдүүд рүү чиглэсэн сургалт, секцүүд харин насанд хүрэгчдэд аэробик, зумба бүжиг, фитнесийн спортын багшаар ажиллаж байна. 


-Сүүлийн үед фитнесийн спортыг сонирхогчдын тоо нэмэгджээ. Хэдий насны, ямар зорилготой хүмүүс ихэвчлэн зорин ирж байна?

-Намайг анх Говь-Алтай аймагтаа ирж байхад фитнес клубт тамирчин эсвэл зөвхөн залуучууд явдаг гэсэн ойлголттой байсан. 40, 50 гарсан эмэгтэйчүүд: “Намайг фитнест явбал хэндээ гоё харагдах гэж дасгал хийдэг юм гэж хүмүүс муулна” гэсэн хэв маягтай байлаа. Гэтэл өнөөдөр хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж фитнес клубийг бүх насныхан зорьж ирдэг болсон байна.

Дасгал хөдөлгөөн гэдэг бол аль ч насны хүмүүсийн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд фитнесийн спортыг сонирхон хичээллэгсдийн тоо эрс нэмэгдсэн. Нэг үе өсвөр насны хүүхдүүд, тамирчид, залуу бүсгүйчүүд голчлон хичээллэдэг байсан бол одоо насны хувьд холимог болсон. Ялангуяа эмэгтэйчүүд зорин ирж байна. Тэд зүгээр нэг жин хасахаасаа илүү дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа дадал хэвшил болгож, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө төдийгүй гэр бүлдээ бий болгоод эхэлсэн байна. Энэ бол миний ажлын гол зорилго юм.

-Хүмүүс фитнесийн спортоор зөвхөн илүүдэл жинтэй хүн хичээллэдэг гэж ойлгодог. Багш дасгалжуулач хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Яг тэгдэг. Фитнест зөвхөн илүүдэл жинтэй хүн явдаг гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Чи туранхай байж фитнест явж яах юм бүр турна гэж ярьцгаадаг. Ер нь бол хөдөлгөөний дутагдлаас үүсэлтэй маш олон өвчлөл бий болдог. Жишээлбэл, нурууны суулт, хүзүүний шохойжилт, зүрх судасны өвчлөл, цус өтгөрөлт, тархи толгойны өвчин гээд маш олон өвчин хөдөлгөөний дутагдлаас үүсдэг. Тэгэхээр фитнес клубд явж байгаа нь зөвхөн жин хасах биш хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, дээр дурдсан бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадах юм. Үүний сацуу илүүдэл жингээ багасгаж, өв тэгш бие галбиртай болох олон талын ач холбогдолтой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, спортын их амжилт хүсье.






Related news