Хайгуулын чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой Автралийн бизнес эрхлэгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-01 14:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн уул уурхайн хамгийн том, нөлөө бүхий IMARC “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” тус улсын Сидней хотод энэ сарын 2-4-нд зохион байгуулж байна.


Энэ нь дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч, шилдэг удирдагчид харилцан яриа өрнүүлж, салбарын хамтын ажиллагааг дараагийн түвшинд тодорхойлохын зэрэгцээ хөрөнгө оруулалт, шинэ технологи, санхүү, ирээдүйн нэгдмэл сүлжээг бий болгодог ач холбогдолтой үйл ажиллагаа юм.


Хурал, үзэсгэлэнгийн өмнөх өдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл манай улсын уул уурхайн салбарт, тэр дундаа ашигт малтмалын хайгуулын чиглэлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн тус улсын уул уурхайн компаниудын төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай уулзлаа. 


Уулзалтаар Монгол Улсын ашигт малтмалын нөөц, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын боломж, давуу тал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нээлттэй танилцуулав. Хөрөнгө оруулагчид Монгол Улс геологийн өвөрмөц тогтоцтой, ашигт малтмалын хэтийн төлөв ихтэй, сонирхол татахуйц гэдэгтэй санал нэгдэж, уул уурхай, түүнийг даган бий болдог бүтээн байгуулалтаас үр шим хүртэх гинжин хэлхээг тасралтгүй үргэжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхсон талбайд хайгуул хийх боломж олгох, зөвхөн металлын төслөөс гадна нүүрсэнд агуулагдаж буй метан хийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын дараах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлд анхаарахыг хүссэн байна.


Дээрх хурал, үзэсгэлэнд оролцохоор 100 гаруй орны 7500 гаруй шийдвэр гаргагч, уул уурхайн салбарын удирдагч, нөөцийн мэргэжилтэн, бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагч, шинийг санаачлагчид иржээ.


Түүнчлэн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өчигдөр Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал /чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” уулзалтад оролцож, тус мужид удахгүй хэрэгжих 15 төслийн мэдээлэл сонссоныг УУХҮЯ мэдээлэв.

 

Related news