“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-08 15:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсгийн 60 дугаар хуралдаан боллоо.


Хурлыг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва хэлэхдээ, “ОҮИТБС-ын хүрээнд тавьсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан заалтууд хэрэгжихэд түлхэц болно.Орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс ирүүлж буй санал санаачилгыг сайтар судалж, холбогдох байгууллагад хүргүүлж, мэдээллээр ханган, харилцан уялдаатай ажиллах, ОҮИТБС-ыг цаашдаа олборлох салбарын нээлттэй мэдээллийн сан болгон хөгжүүлэх шаардлагатай”-г онцлов.


Хурлаар ОҮИТБС-ын 2021 оны урьдчилсан нэгтгэл тайлан, 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны ажлын төлөвлөгөөний төслийг ажлын албанаас танилцуулж, хэлэлцүүлэг, санал шүүмжлэл өрнүүлж, холбогдох шийдвэр гаргасныг УУХҮЯ мэдээллээ.


Хуралд УУХҮЯ, БОАЖЯ, АТГ, ТЕГ, МХЕГ, АМГТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Бороо гоулд ХХК, Рио Тинто Монгол ХХК, Оюу толгой ХХК, Петроайна Дачин тамсаг ХХК, Багануур ХК, МУУҮА, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Нээлттэй нийгэм форум, ТАН-эвсэл, Захиргааны шинэ санаачилга ТББ, Монголын байгаль эх аврал сан, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон хувийн хэвшлийн, ТББ, иргэний нийгмийн байгууллагын 21 төлөөлөл оролцсон юм.

 

Related news