БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн төв орох 7 чиглэлд хяналтын цэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-10 09:21:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас идэшний улирал эхэлсэнтэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Мал-мах" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 4-ний өдрөөс аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны 865 дугаар захирамж гарч, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх 30 хоногийн аяныг зохион байгуулах ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайгаар ахлуулан байгуулжээ.


Аяны хүрээнд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн аймгийн төв рүү орж, гарах 7 чиглэл -/Толбо сумын Баян энгэр, Өлгий сумын шар нуур, Сагсай сум чиглэлийн Цагаан эрэг, Улаанхус сумын Согоогийн гүүр, Цагааннуур тосгон, Бугат сумын Хар үзүүр/-д 24 цагаар үүрэг гүйцэтгэх хяналтын пост гаргасан.


Тухайн хяналтын цэгүүдэд цагдаагийн алба хаагчид, багийн Засаг дарга, малын эмч нар үүрэг гүйцэтгэх бөгөөд малын шилжих хөдөлгөөн, гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавина.  


Ташрамд дурдахад, энэ оны эхний 10 сарын байдлаар тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Бугат, Буянт, Цэнгэл, Улаанхус суманд малын хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгдээд байгаа ажээ.  

Related news