ХОВД: Таеквондогийн бэлтгэл хийх орчин нөхцөлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-21 17:59:55

Ховд /МОНЦАМЭ/. Таеквондогийн спорт нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжихийн зэрэгцээ орон нутгийн хүүхэд багачууд, өсвөр үеийнхний таеквондогоор хичээллэх хүсэл сонирхол, идэвх нэмэгдэж байна.   

Ховд аймагт л гэхэд 2022 онд таеквондогийн спортоор хичээллэдэг 100 гаруй тамирчин, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 2-3 клуб бий.  Үүний нэг бол тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Сүлд-Алдар” таеквондо клуб.  


Тус клуб  нь  хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын тэгш хөгжлийг дэмжих, таеквондогийн спортыг хөгжүүлэх, шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор 2011 оноос эхлэн  үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийтдээ 60 орчим тамирчин энэхүү таеквондо клубт бэлтгэл сургууль хийж байгаа бөгөөд 2022 онд улс, аймаг, бүсийн чанартай найман тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс одоогийн байдлаар 4 удаагийн тэмцээнд тус клубийн тамирчид амжилттай оролцож, 40 гаруй мeдалийн эзэд болжээ. 

Тодруулбал, хамгийн сүүлд (2022.11.15-19-нд) Өвөрхангай аймагт болсон таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Сүлд-Алдар” клубээс 10 тамирчин оролцсон бөгөөд  1 алт,  2 мөнгө, 3 хүрэл  мeдаль авсан байна. Мөн саяхан  болсон “Шонхор” цомын тэмцээнд 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 4 алт 6 мөнгө 7 хүрэл мeдал хүртсэн амжилт үзүүллээ.

Таеквондогийн тэмцээн бүр чухал, авсан медаль бүр үнэ цэнтэй бөгөөд цаашид олон тэмцээнд оролцож, амжилтаа ахиулах, клубийн тамирчдын бэлтгэл сургууль хийх орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана.  

Орон нутгийн зүгээс тус спортын төрлийг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэх чиглэлд дэмжлэг тааруу байгаа. Хамгийн гол нь эцэг, эхчүүдийнхээ дэмжлэгээр энэ клуб оршин тогтнож байна” хэмээн  “Сүлд-Алдар” таеквондо клубийн дасгалжуулагч З.Баянмөнх хэллээ.

Тэрбээр таеквондогийн спорттой холбогдоод 25 жил болж байна. Үүнээс сүүлийн 12 жилийн хугацаанд таеквондо клуб байгуулан дасгалжуулагчаар ажиллаж буй. 

Related news