ГОВЬ-АЛТАЙ: "Ажлын зууч" өдөрлөгөөр 148 оюутныг ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-13 10:56:05

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас оюутан залуучуудад хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл хүргэх, сул чөлөөтэй ажлын байранд зуучлах "Ажлын зууч" өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгууллаа. 

Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баттайван, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Бат-Санчир нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 


Оролцогчдод төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхээс гадна АФА академийн сургагч багш М.Мягмарбаяр, үндэсний сургагч багш Р.Лувсандагва нартай хамтран “Алсын хараа, үнэт зүйл”, “Үнэ цэнтэй ажилтан” чиглэлээр илтгэл мэдээллийг хүргэсэн юм.


Өдөрлөгийн үйл ажиллагаанд 303 оюутан, залуучууд хамрагдаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 75 байгууллагаас ирүүлсэн 315 сул чөлөөтэй ажлын байрны мэдээлэлтэй танилцаж, 14 байгууллагад давхардсан тоогоор 148 оюутан ажиллахаар бүртгүүлсэн байна.

Related news