ӨВ СОЁЛ: Б.Энхмаа: Алтан овооныхоо энгэрт уран бүтээлээ туурвиж яваагаараа бахархдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-17 18:32:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зураач, уран барималч Ж.Дүүрэнтөгс, зураач Ё.Бадарч тэргүүтэй цөөн хэдэн дүрслэх урлагийн уран бүтээлч Сүхбаатар аймагт бий. Тэдний нэг бол одоо ч Алтан овооныхоо энгэрт уран бүтээлээ туурвиж буй зураач Борхүүгийн Энхмаа юм. Монгол уран зургийн өв соёлыг тээгч, түгээн дэлгэрүүлэгч түүний амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Б.Энхмаа хөдөө орон нутагт бүтээлээ хийж байгаа ганц эмэгтэй зураач гэдгээрээ онцлог.


-Ярилцлагын эхэнд зураг зурах болсон түүхээсээ хуваалцаач?

-Багаасаа л шог зургийн номыг маш их үзэж цагийг өнгөрөөдөг байсан. Номын зургуудыг дээш доош харуулан утгыг нь ойлгох гэж ихэд хичээн үзэж, олон цагаар суудаг байлаа. Тэр ном 300 гаруй хуудастай, номоо ааваараа бараг гурван удаа авахуулан үзэж байсан санагддаг. Тэр үеэс л тухайн цаг үеийн ахуй байдлыг байгаагаар нь зурж дүрслэх гэж сонирхож эхэлсэн. Аажмаар хөдөө байдаг ах, эгч нарынхаа амьдрал ахуйг өөрийнхөө өнгөөр дүрслэн зурж эхэлснээр зурагт үнэхээр дуртай болсон.

Яг өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн зураач болсон доо. Ингээд зургаадугаар ангиасаа айлын гэр болон авдар, сандал хээлэн мөн тухайн үеийн айл өрхүүд гэрээ хатгамлаар их чимэглэдэг байсан тэр бүгдийн зургийг нь зурж өгдөг байлаа. 2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангид элсэн орж н.Амарсанаа багшаараа уламжлалт монгол зургийн өвөрмөц арга барилыг заалган суралцаад 2006 онд төгсөж төрсөн нутгаа зорьсон. Ажил амьдралын гараагаа Дарьганга сумын Соёлын төвөөс эхэлж, Орон нутаг судлах музейг хүртэл үүсгэн байгуулсан түүхтэй. Дарьганга сум бол миний өвөг дээдсийн өлгий нутаг учир нутаг орныхоо түүхийг нарийвчлан судалж, энэ судалгаан дээрээ үндэслэн уран бүтээлээ туурвих нууцхан хүсэл мөрөөдөлтэй болсон.


-Таны зургийн чиглэл, онцлог нь юу юм бэ?

-2015 оноос уран бүтээлдээ идэвхийлэн орж номын зураг болон монгол зургийн бүтээлүүдээ туурвиж эхэлсэн. Монгол зургийн уран нарийн зураас, өнгө, зохиомжуудыг ашиглан бүтээлээ туурвиж байна.


Монгол зураг гэдэг нь нэг хавтгай дээр олон үйл явдал, цаг хугацаа тэр бүгдийг харуулан өгч болдог арвин зохиомжтой байдгаараа онцлог.


-Энэ төрлийн зураг маш их ажиллагаа, нарийн мэдрэмж шаарддаг юм шиг харагддаг. Нэг бүтээлийг хэдий хугацаанд зурж байна?

-Мэдээж цаг хугацаа их шаарддаг. Нэг бүтээл туурвихын тулд асар их судалгаа хийх, домог хууч яриа цуглуулах шаардлагатай байдаг. Бидний бүтээлээр дамжуулан хүмүүс тэр бүгдийг тольдож байдаг учир хөдөлмөрлөх л шаардлагатай. Зарим нэгэн бүтээлүүдийг жилийн хугацаанд ч зурах шаардлагатай байдаг. Эхлээд санаагаа гаргаад түүнийгээ ямар өнгө аясаар гаргах, зохиомжийн шийдэл ямар байх гэх мэтийг тодорхой болгосны дараа зурж эхэлдэг.



-Өөрийн зураг, уран бүтээлээрээ дамжуулан ямар санааг бусдад ойлгуулахыг хичээдэг вэ?

-Монголын орны өнцөг булан бүрээс хүн зон зорин ирдэг Алтан овоо, Шилийн богд, Талын агуй, Ганга нуур ,Оргихын булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газар нутгийнхаа онцлог шинж болон домог хуучийг өөрийн уран бүтээлээрээ дамжуулан хадгалж үлдээхийг хичээж байна. Монгол даяар алдартай Жаахан шаргын домог, Торой бандийн домог, Гангын цагаан овоо, Ганга нуурын домог, Дарьганга бүсгүй, Дарьганга эрэгтэйн хөрөг бүтээлүүдээрээ бидний өвөг дээдэс Дарьганга үндэстний олон зуун жилийн амьдрал ахуй, аж байдал, өв соёлтой зан заншлыг өөрийн бүтээлээрээ дамжуулан залуу үе, дүү нартаа үүх түүхээ ойлгуулахыг, сурталчлан таниулахыг хичээдэг дээ.


-Өөр сэдэв, чиглэлээр зуръя гэсэн бодол төрдөг үү?

-Энэ цаг үеийн байдал, хүн хүнээ хайрлах ухаан, одоогийн энэ нийгмийн байдлыг өөрийн бүтээлээрээ илэрхийж өгөхийг хүсдэг. Мэдээж энэ бүгдийг үндсэн арга барилтайгаа хослуулна гэсэн үг.


-Уран зураг ялангуяа энэ төрлийн зургийг ойлгож, хүлээж авах байдал хүмүүсийн хандлага орон нутагт ямар байна?

-Яг үнэндээ орон нутагт бол жаахан хэцүү л дээ. Хэрэгцээндээ тааруулаад ойр зуур юм хийнэ. Хот болон зэргэлдээх аймаг, сумдаас бүтээлүүдийн захиалга их ирдэг. Алтан овооныхоо энгэрт байгаа танаас гоё энергитэй зураг авмаар байна гээд л холбогддог юм. Ийм болохоор Алтан овоогоо магтан дуулж, овооныхоо бэлд уран бүтээлээ туурвих дуртай. Ер нь тэгээд өөр газар ажиллаж, амьдрах талаар төсөөлөгддөггүй юм.



-Уран бүтээлч хүн бүрт өөр өөрийн гэсэн онцлог, онгод гэж байдаг. Та ямар үед зургаа зурах илүү дуртай вэ?

-Онгод уу, ямар нэг бүтээл туурвихийн өмнө ёстой нөгөө өдрийн бодол шөнийн зүүд болно шүү дээ. Нээрээ л зарим үед зүүдлээд л босно. Гэнэт шинэ санаа орж ирэх юм бол хэзээ ч хамаагүй тэр үед нь бушуу түргэн эскизээ гаргана. Миний хувьд гадуур, дотуур гэр орныхоо ажлаа амжуулчихаад дараа нь тавтай гэгч нь зургаа зурж суух дуртай. Заримдаа цаг хугацаа өнгөрөхийг үл анзааран оройноос өглөө хүртэл суух нь ч бий. Сургуулиа төгсчихөөд хэсэг хугацаанд зургаа зураагүй. Нэг зурах гэж үзтэл толгойд юу ч бодогдохгүй, бийрээ ч барьж чадахгүй болсон байсан. Энэ байдалдаа их гутарч өөрөө өөртөө урам хугарч байсан. Тэгж байтал хорт хавдар хэмээх айхтар өвчинтэй улаан нүүрээрээ тулсан даа. Аймшигт өвчнөө бодохгүйн тулд ахин бийрээ барьж зургаа ч эхлүүлсэн, айдсаа ч давсан. Одоо бол зургаа зурж өөрийгөө бүх юмнаас чөлөөлөх дуртай болсон. Бийрээ барихаар өөрийн эрхгүй бие сэтгэл минь амардаг.



-Та бол соёлын өв тээгчийн томоохон төлөөлөл. Хэнээс энэ чадвараа өвлөн авсан бэ?

-Баярлалаа. Манай аавын талд зураач Цэгмэдийн Болд гэж алдартай зураач байдаг. Мөн ээжийн маань ах дүү нар ер нь бүгд  их гарын дүйтэй хүмүүс бий. Мэргэжлийн зураг технологийн багш хэд хэд байгаа.


-Энэхүү өв соёлоо цаашид үргэлжүүлэн авч явах дараагийн зураачаа хэрхэн бэлтгэж байна?

-Одоо сумандаа Монгол зургийн дугуйлан хичээллүүлж байгаа. Дугуйланд хүүхдүүд маш сайн хамрагдаж байна. Мэдээж хүүхэд бүрт л сурч мэдсэнээ үлдээхийг хичээдэг. Яг энэ чигээрээ хэд нь цааш үргэлжлүүлэн суралцахыг мэдэхгүй юм. ЕБС-д дүрслэх урлаг, дизайн технологийн багшаар ажилаад гурван жил болж байна. Ажилдаа дасах гээд их л хичээн ажиллаж, өөрөө ч их зүйлийг сурч байна. Өөрийн хийсэн бүтээлүүдээ хичээлтэйгээ холбон бусдад түгээх гээд л хичээж явна. Цаашид үргэлжлүүлэн энэ сайхан нутаг ус, газар шороогоо өөрийн зургийн гол сэдэв болгон бүтээлүүдээ туурвих болно. Учир нь бидний эх орон, тэр дундаа Дарьганга нутгийн онцлог дуусашгүй арвин шүү дээ.


-Сумандаа өөрийн урлантай юу. Зурсан зургаа худалддаг уу, эсвэл хадгалж байна уу?

-Зуны цагт гэр урлан байдлаар ихэвчлэн ажлаа явуулж, авдар, гэрийн мод хээлдэг. Бусад үед бол гэрийнхээ нэг өрөөнд л уран бүтээлээ гаргадаг. Ихэнхдээ гаднаас захиалга авч зурдаг. Одоохондоо бүтээлээ хадгалаад байж чадахгүй л байна. Захиалгагүйгээр ганц нэгийг зураад дуусчихвал хүн худалдаад авчихдаг юм.



-Таныг сүүлийн үед уран баримал сонирхож хийж эхэлсэн гэж сонссон?

-Тийм ээ. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн сонирхон хийж эхлээд байгаа. Өөрөө эхийг нь хийгээд хэвээ гаргачихвал хүүхдүүд үргэлжлүүлээд хийчихдэг. Мөн л орон нутгийн онцлогийг харуулсан баримал хийхийг хичээж байна. Энэ нь нэг талаараа өөрөө өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж буй нэг хэлбэр юм уу даа.


-Яг ийм чөлөөт уран бүтээлчдээ, ялангуяа үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж яваа хүмүүст ямар дэмжлэг дутагдаж байна?

-Ер нь бол бор зүрхээрээ л зүтгэж явна даа. Хөдөө орон нутагт урлагийг үнэлэх үнэлэмж муу шүү дээ. Хүний сэтгэл зүрхээ зориулаад, цаг заваа гаргаад хийсэн бүтээлийг зүгээр нэг хэвлэсэн зургаас ялгах чадваргүй хүмүүс олон байдаг нь харамсалтай.  Гэхдээ Алтан овооныхоо энгэрт уран бүтээлээ туурвиж байгаа гэдгээрээ л бахархаж, өнөөг хүртэл зүтгэж явна.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье?

-Баярлалаа.


Related news