ХОВД: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-14 15:42:56

Ховд /МОНЦАМЭ/. Судалгаагаар 2023 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт Ховд аймгийн хэмжээнд эмнэлгийн амбулаториор 9082 хүн үйлчлүүлсэн.  Үүний 1100 нь буюу 12 хувийг томуугийн үзлэг эзэлж байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд юм. Эмч нарын хэлж байгаагаар 2-4 насанд томуугийн өвчлөл хамгийн өндөр буюу 25.6 хувьтай байгаа.  Харин 16-64 насныханд уг өвчлөл өмнөх долоо хоногоос 2.3 хувиар өссөн ба нийт өвчлөлийн 25.8 хувийг эзэлж байна. 

Оны эхний долоо хоногийн байдлаар Булган, Манхан, Цэцэг, Эрдэнэбүрэн, Жаргалант суманд томуу, томуу төст өвчин аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарчээ.

Нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Ховд аймгийн төвд, Нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 73.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ” -гээр  “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна. 


Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул
ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлан гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авах, эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, томуугийн халдвараас  сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.  

Related news