СЭЛЭНГЭ: Алслагдсан багийн иргэдэд явуулын амбулаториор үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-25 12:45:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын амбулаториор хүргэх ажил явагдаж байна.


Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу аймгийн УЦУОШГ-аас нөхцөл байдалд үнэлгээ хийхэд Хушаат, Орхонтуул сумдын нутгийг “цагаан зуд”-тай гэж үнэлжээ.


Иймээс идэр есийн хүйтэн тачигнасан эл өдрүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаал, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас алслагдсан сум, багт амьдарч буй малчин айл өрх, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэдэг уламжлалт ажлаа эхлүүлээд байна.   


“Халуун сэтгэл” явуулын амбулатори нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хөдөөгийн малчин өрхүүдээр очиж, дотор, хүүхэд, эх барих, эхо, явуулын амбулаторийн үйлчилгээг хүргэж байна.

Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж байгаа ажээ. Түүнчлэн суурин баг сумын төвд эмэгтэйчүүд, дотор, шүд, мэдрэл, сэтгэц зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж байгаа юм.


Дээрх явуулын баг Хушаат сумаас ажлаа эхлээд байна.   

 

Related news