БАЯН-ӨЛГИЙ: Долоодугаар сарын 1-нийг хүртэл архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-26 13:26:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас баталсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа.


Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар олгодог архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тухай тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоож байна. Харин өмнө нь олгосон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах боломжтой аж.


Учир нь дээрх хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Засгийн газраас архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих харилцааг зохицуулсан журам гарах тул шинээр зөвшөөрөл олгох ажлыг түр хойшлуулж байгааг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай онцлов.


Мөн энэ хугацаанд худалдаа үйлчилгээний газрын цагийн хязгаарыг тогтоосон аймгийн Засаг даргын захирамж гаргаж, үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлнэ.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 272 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосон. Энэ хэмжээгээр тооцоход Баян-Өлгий аймагт 437 архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цэг байх боломжтой. Харин одоогоор 377 цэг ажиллаж байгаа ажээ. 

Related news