БАЯН-ӨЛГИЙ: Цагаан салаа, Бага Ойгорын хадны зурагт үхрийн дүрслэл онцгой байр суурь эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-30 11:21:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийг зорин ирсэн аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг газруудын нэг бол Цагаан салаа, Бага Ойгорын хадны зураг юм.


Тус газар нь Өлгий хотоос 140 км, Улаанхус сумын төвөөс 100 орчим км зайд оршдог ба Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургийн дурсгалт газар юм. Дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот – Улаанхус сум – Согоог - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Цагаан салаа гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой.


Хадны зургийг анх 1979 онд археологич Д.Цэвээндорж нээн илрүүлсэн. 1994-1996 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан "Алтай" төслийн хүрээнд нягтлан шинжилж судалгааны үр дүнгээ 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Тухайн судалгааны үр дүнд 2011 онд ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авсан байна. Дурсгалт газрын хамгаалалтын үндсэн талбайг 2100 га, хамгаалалтын бүсийг 3600 га-гаар тогтоосон. Эдүгээ Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны хамгаалалтад байдаг.


Хадны зургийн цогцолбор дурсгал нь Бага Ойгор голын баруун, зүүн эргийн дагуу 20-иод км, мөн Цагаан салаа, Бага Ойгорын голын зүүн эрэгтэй нийлсэн энгэр сугаар 400 орчим метр дээш сунан үргэлжилсэн байдалтай оршино. Нийт хадны зургийг Цагаан салаа 1-5, Бага ойгор 1-5 гэсэн 10 хэсэг болгон хувааж бүртгэн тэмдэглэсэн байна. Судлаачид хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн болохыг тогтоосон. Нэг бул чулуун дээр дунджаар 1-180 орчим зураг, дүрс сийлсэн ба нийтдээ ойролцоогоор 75 000-100 000 хүртэл зураг, дүрс байна хэмээн тооцоолжээ.


Цагаан салаа, Бага Ойгорын хаднаа чулуун үе зэвсгийн үе (одоогоос 40-12 000 жил), хүрэл, төмөр зэвсгийн түрүү үе (одоогоос 4-2 000 жил), Түрэг, Уйгур үе (одоогоос 1400-1200 жил)-д холбогдох хадны зургууд байгаа боловч ихэнх зураг нь хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогддог аж. Эндхийн хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад мал гаршуулж буй, олноороо хоморголон ан ав хийж буй, үхэрт нуруу ачаа ачиж буй, сүйх тэрэгтэй явж буй, эр эмийн ёс үйлдэж буй зэрэг янз бүрийн өгүүлэмжтэй зургууд маш олноороо нэг талбайд байдгаараа онцлогтой.


Цагаан салаа, Бага Ойгорын хадны зурагт үхрийн дүрслэл олон тоотой бөгөөд онцгой чухал байр суурийг эзэлнэ. Үхрийн толгой, эвэр, их бие, сүүл зэрэгт нар дүрсэлсэн нь тэнгэрийн амьтан болохыг бэлгэдсэн бололтой хэмээн судлаачид үздэг. Мөн үхэр агнаж буй анчин, үхэр хөтөлж яваа, үхэр унасан, үхэрт ачаа ачсан зэрэг баялаг сэдэв, зохиомжоор дүрсэлжээ. Үхрийн нуруунд янз бүрийн хэлбэртэй ачаа, ачаан дотор суусан хүүхэд, олон урт залмыг ачаанаас дээш гозойлгон дүрсэлсэн байдаг нь аж ахуй, зан заншил, оюуны соёлын олон талыг харуулсан эртний хүмүүсийн түүх, соёлын чухал баримт болох юм.







Related news