УДБЭТ-ын тайзнаа анх удаа 32 хун чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-14 11:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг энэ сарын 13-нд тайзнаа толилууллаа.

Энэ удаагийн тоглолт нь Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Монголд анх удаа 32 хунтай толилуулснаараа онцлогтой.

Энэхүү балетын гол дүр тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцолсон бол Ротбардын охин хар хунд Б.Хулан, ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн тоглосон юм. Тоглолтын балетмейстерээр тус театрын Уран сайхны удирдагч Д.Дашлхагва, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг нар ажиллав.  Харин өнөөдөрэнэхүү балетыг хоёр дахь өдрөө тоглох юм.


Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм. Энэхүү балетыг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УГЗ, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан юм.


Related news