БАЯН-ӨЛГИЙ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малчдад тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-01 16:51:45

Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байна.


Тус төсөл нь цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх боломжгүй нийгмийн зорилтот бүлгийн өрхийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах, хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх зорилготой аж.


Уг тусламжид Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Баяннуур, Сагсай сумаас тус бүр 10, нийт 40 өрхийг хамруулав.

"Сонгон авсан малчин өрх бүрд малын тооноос хамааран 400-680 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Тухайн мөнгийг малчдын дансанд аливаа нэгэн төрийн байгууллагаар дамжуулахгүйгээр шууд шилжүүлсэн. Энэ мөнгөөр малчид Улсын нөөцөөс хямдралтай үнээр худалдаж байгаа өвс тэжээл худалдан авах ёстой. Түүнээс гадна малын амин тун, эрдэс витамины нэмэгдэл, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн багц, үүрэн холбооны 10 мянган нэгж, мал маллагаа, зудын эрсдэлийг хохирол багатай таван туулах арга замын тухай гарын авлагуудыг хүлээлгэн өгсөн" хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Нургулан хэлэв.


Дээрх төслийн хүрээнд цаашид бусад сумын малчдад мал маллагаа, зудыг хохирол багатай даван туулах арга замын тухай сургалт зохион байгуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хоньчин С.Цогтгэрэлийн сайн туршлагуудын талаар мэдээлэл өгөх ажээ. 

Related news