БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Аялал жуулчлалын холбоо малчдад тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооноос Монгол Улсын хамгийн баруун хязгаарт амьдардаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн малчдад тусламж үзүүллээ.
Цэнгэл сумын Хар салаа, Цагаан гол нутаг нь Алтай Таван богдын аяллын гол маршрутын дагуу оршдог газар юм. Энэ өвөл тухайн нутагт өвөлжилт хүндэрч, малчид өвс тэжээлийн хомсдолд орон зудын байдалтай өвөлжиж байгаа аж.
Иймээс аймгийн Аялал жуулчлалын холбооноос нутгийн иргэдэд тусламж үзүүлэх аян өрнүүлсэн байна. Аянд Active adventure tours, Mongolian expeditions, Mongolian Trekking, Bek travel, Explore Great Altai, Golden Eagle tour, Altai expeditions зэрэг аялал жуулчлалын компаниуд нэгдэж, дундаасаа санхүүжилт босгон малын тэжээл худалдан авчээ.
Нийтдээ 4 тонн малын тэжээлийг энэ сарын 1-ний өдөр Алтай Таван богдын
Цагаан гол, Хар салаанд өвөлжиж байгаа 40 айл өрхөд хүргэж, сэтгэлийн дэм
үзүүлсэн байна.