ХОВД: П.Эрдэнээ хөөрөг тахих зан үйлийг 9 дэх үедээ өвлөн уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-13 12:32:32

Буянт /МОНЦАМЭ/.  Монгол Улс, тэр дундаа Ховд аймагт хөөрөг тахих зан үйл хийдэг ганцхан хүн байгаа нь П.Эрдэнээ гуай юм.

Тэрбээр өдгөө 78 настай.  Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт  амьдарч буй  тува  угсаатны нэг билээ.

Өв соёл, ёс заншил, итгэл үнэмшлээ хадгалсаар ирсэн  тува угсаатан,  түүний дотроос Донгог (донгак) овгийнхон эрт үеэс хөөрөг тахих зан үйл хийдэг байж.

Хөөрөг тахих зан үйл нь алтайн тува нарын биет бус соёлын гол өв юм. Одоогоор энэхүү зан үйлийг хадгалан авч үлдсэн, 9 дэх үеийн өвлөн уламжлагч бол уран дархан П.Эрдэнээ гуай.  

Түүнтэй цөөн хором уулзаж, хөөрөг тахих зан үйлийн талаар асууж тодрууллаа.

П.Эрдэнээ гуайд байгаа хөөрөг нь монголчуудын мэндлэх, хүндлэх ёсонд ашигладаг (гарт барьдаг) хөөргөөс ялгаатай. Уран дархны төмөр улаасгах, хайлуулах, сэлэм, хутга, зэвсэг хийхэд ашиглаж байсан анхдагч багажтай адил юм. 

Хөөрөг буюу төмрийн дарханы үлээх тулам нь арьс (барваа), мод, төмөр зэргээс бүтнэ.   


П.Эрдэнээ гуайн хадгалж, ашиглаж буй тулам хөөргийг 900 жилийн өмнө дархан хүн хийсэн ба цаг хугацааны явцад зарим зүйлийг орчин үеийн хийцэд оруулж, өөрчилжээ. Эрт үед хуурай мод бэлтгэж  хөөргийн галаар задгай гал асаадаг байсан бол одоо хөөрөгтэй тусгай нарийнхан яндан тааруулж галаа зууханд асаадаг болжээ.   

Галыг хөөрөгний эзэн өөрөө гардан хөөрөгдөж асаана. Хөөрөг тахихыг бас галаа тахиж байгаа үйл явц гэж үзнэ. Иймээс өөр айлд хөөргөө авч очин тахилга үйлдэж болохгүй.    

Хөөрөг тахих үед  хөөрөг, зуух, алх, дөш, 9 нүхтэй тагла, хүйс (бариул) зэргийг хэрэглэнэ. Бүх хэрэгсэлд шар тос түрхэнэ.  Билгийн тооллоор сар бүрийн 9, 19, 29-нд үдэш болж од мичид гарахад хөөрөгөө галлан тахилга эхэлдэг аж.   

Энэ үед Дамдиндорлиг нэртэй бурхан бууж ирдэг. Галаар бүхнийг ариутгана гэж үздэг байна.  


Тахилгад гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, ойр зэргэлдээ нутаглаж байгаа айлууд ирж оролцоно.

Цагаан сараар хөөрөг тахих зан үйл хийдэг. Хүн бүр ирж байгаа жилээ дааж өвчин зовлонгүй, сайн сайхан байна гэж итгэнэ.  Хөөргийн гал асааж галлахын өмнө гэрийн хойморийн гол хэцэд (бурханд) зул барина.    

Хөөргийн гал асаж эхлэх үед цуцал авч арц умалгана. Умалгаж байгаа арцыг гэрийн хойморт тавина. Арц уугуулсны дараа цуцал дээр нүүрс хийж улам хөгжөөж асаана. Нүүрсийг хөөрөгт тусгай бэлтгэсэн жижиг хутгуураар хийнэ. Өөр багажаар хөөрөгт нүүрс хийхийг цээрлэнэ.  Зөрчвөл хөөргийн гал догширно гэдэг. Хөөрөг халж гал асаж хөгжих үед гэрийн бурханд, гадаа гарч Алтайдаа тус тус цацал өргөнө. Хөөрөгтэй цацлын сүү дусаана. 

Хөөрөг тахилгад ирж байгаа хүмүүс хөөрөгт мөргөнө.  Хөөрөг тахих үед тусгай цэвэр саванд ус буцалгаж бэлтгэдэг. Хөөрөг ид халах үед галд нь тусгай төмөр улаасган авч, бэлтгэсэн усандаа дүрнэ. Хамгийн сүүлд тус усаар гар нүүрээ угааж, ариутгадаг байна.  

Тусгайлан бэлтгэсэн нарийвтар төмрийг хөөрөгний галаас гаргаж дөшин дээр тавьж том алхаар цохиж оч үсэргэнэ. Эхлээд дөшин дээрээ сүү дусаагаад дараа нь төмрөө цохино. Үүнийг тувагаар сараг буюу монголоор ширээс хийнэ гэж нэрлэдэг аж.  


Хөөрөгний галд улаассан нэг төмрийг гурван удаа дөш дээр том алхаар цохино.  Улаассан төмрийг гурван удаа цохидог нь нэгдүгээрт Алтай, уул усаа шүтэх, хоёрдугаарт сайн сайхныг хүсэж, аж амьдрал, сэтгэл санаагаа ариусгах, гуравдугаарт аливаа муу  муухайг арилгах, аюул зэтгэрийг зайлуулах зорилготой. 


Төмрийн оч хир зэрэг үсэрч цацарч байгаагаар ирэх үйл явцыг шинжинэ.
 Оч их үсэрч сайхан гэрэл гарган цацарвал ирэх жилийн өнгө сайн байна, хүн мал амар жаргана, өвчин зовлон, хэрүүл тэмцэл багатай, ажил үйлс бүтэмжтэй болно гэх мэтээр бэлэгшээдэг.  


Төмрийг давтаж цохиход оч үсрэхээс гадна бас чанга дуу чимээ гарна. Төмрийн дуу аль болох чанга тод гарч байвал гэрийн дотор хуралдсан алив бузар үргэн арилна гэдэгт итгэдэг байна. 


Гэрийн баруун талд хөөргийг байршуулах ба хөөрөг тахиж байх үед гэрийн баруун талд эмэгтэй хүн гарч болохгүй.  Хөөрөг галлаж, ширээс хийж тахилга дууссаны дараагаар хөөргийн эзэн хөөрөгт мөргөнө.


П.Эрдэнээ гуайн аав Пинээ нь өөрийн гэрт ийнхүү хөөрөг тахиж байжээ.  Түүний аавын өвлүүлсэн хөөрөгтэй хамт (дээд талд нь) Тагла гэж нэрлэдэг шүтээн бий. 


Тагла гэдэг нь нарийвтар нимгэн төмөр дээр 9 нүх гаргасан, тэдгээр нүх нь нар, сар, гурвалжин, дөрвөлжин,  хос загас гэх мэт дүрстэй.  Дүрс бүр дэлхий ертөнцийг төлөөлөх, буяныг арвитгах, бусдад буян хүргэх, эв эеийг эрхэмлэх, аян замыг ариусгах, өлзийтэй болгох, харь дайсан, муу муухайг номхотгох зэрэг бэлэгдэлтэй аж 


П.Эрдэнээ гуай 6 настай байхаас аавдаа тусалж, дээрх зан үйлийг хийхэд суралцсан. Улмаар 1972-1974 оны үед бие даан хөөрөг тахих зан үйлийг хийж эхэлсэн байна. Одоо тэрбээр гурван хүүдээ уг зан үйлийг зааж, өвлөн уламжлуулж байгаа хэмээн ярив. 

Тува угсаатны хөөрөг тахих зан үйлийг шүтлэг бишрэлийн зориулалтаар уламжлан авч үлдсэн нь тэдний оюун санааны итгэл үнэмшлийн нэгэн содон дүр төрх, мартах учиргүй өв болсоор байна гэж судлаач Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд тэмдэглэсэн байдаг.


Хөөрөг тахих зан үйлийг хийхэд 1 цаг гаруй хугацаа зарцуулдаг ба эрт үед тус зан үйлийг гүйцэтгэхийн тулд 7 хоногийн өмнөөс бэлтгэж эхэлдэг байжээ.  

   




Related news