СҮХБААТАР: Алба хаагчдынхаа гэрлэлтийг батлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-15 17:00:42

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан таван алба хаагчийнхаа гэрлэлтийг батлуулах ёслолын ажиллагааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулжээ.

Уг ёслолд тус газрын 144 дүгээр салбарын дарга, ахлах дэслэгч Г.Энхцэцэг, гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Т.Баянмөнх, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Анхбаяр, Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн аврагч, жолооч холбоочин, ахлах ахлагч П.Бат-Эрдэнэ, аврагч, ахлагч Э.Ёндонравцаг нарын гэр бүл үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдийг оролцуулж, гэрлэлтийн батлах гардуулан, хуримын ёслолыг нь хийжээ.

Эдгээрээс хамгийн ахмад нь Г.Энхцэцэг бөгөөд тэрбээр гэр бүлийн хүнтэйгээ хоёул онцгой байдлын албанд зүтгэдгээрээ онцлог. Тэд Өвөрхангай, Хэнтий аймгаас Сүхбаатар аймагт томилогдож ирж гэр бүл болжээ. Өдгөө энэ албандаа 20 орчим жил ажиллаж байна. Харин аврагч жолооч Т.Баянмөнх хамгийн залуу буюу 25 настай. Албандаа хоёр дахь жилдээ ажиллаж байна.


Аймгийн ГБХЗХГ-аас гэр бүлүүдэд гэр бүл төлөлөлт, гэр бүлийн тогтвортой байдал болон гэр бүлийн боловсрол олгох зорилгоорГэрлэлтийн батлах гардуулах ёслол”-ыг өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн бөгөөд он гарсаар ийнхүү таван гэр бүлийн гэрлэлтийг батлаад байгаа аж.

 

Related news