ДОРНОД: 400 өрх бүрээс нэг гишүүнийг ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-16 15:33:44

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Нэг өрх- Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 400 өрх бүрээс нэг гишүүнийг ажлын байраар хангахыг зорин ажиллаж байна. Дээрх хөтөлбөрийг 2021-2024 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд нийгмийн халамжийн өрхийн мэдээллийн нэгдсэн сан, Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хөдөлмөрийн насны хоёроос доошгүй гишүүнтэй өрхийг хамруулж байгаа юм.

Тухайлбал, 2021 онд 100 иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад, 50 иргэнийг мэргэжил олгох тогооч, гагнуурчин, няравын сургалтад хамруулсан бол 54 хүнийг гоо сайхан, оёдлын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж ажлын байраар хангажээ.

Түүнчлэн ажил олгогч ААНБ-аас ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу 52 иргэнийг байнгын, 26 иргэнийг түр ажлын байранд зуучилж, найман өрх өөртөө ажлын байр бий болгосон байна. Энэхүү найман айлыг орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөлд хамруулан дэмжлэг үзүүлж байна гэж ХХҮГ-аас мэдээлэв.

Харин өнгөрсөн онд хөтөлбөрт хамрагдах өрх, иргэнийг сонгон хөдөлмөрийн насны гишүүн тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээ хийж, цахим мэдээллийн сан үүсгэжээ. Цаашид ажлын байрны захиалгад нийцүүлэн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлгээг дээшлүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, ажилд зуучлахаар төлөвлөж байна.

Related news