Шигшээ багийнхан сагсан бөмбөгөөр өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-26 18:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улсын шигшээ багуудын нэрэмжит" спортын холбоодын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр аваргаа тодрууллаа.

 

1990 оноос өмнө Улсын шигшээ баг буюу тухайн үеийн ТОП-4 төрөлд багтаж байсан бокс, жүдо, чөлөөт бөхийнхний хооронд анх зохиогдож эхэлсэн түүхтэй тус тэмцээн нь улсын шигшээ баг тарсан цагаас сураг алдарсан. Харин 2000 оноос дахин шигшээ багийн хооронд сагсан бөмбөгийн тэмцээнийг явуулж эхэлсэн бөгөөд хүрээгээ тэлж, хүчээ авч байсан цаг бий. Гэвч 10 жилийн дараа ахиад тасарсан нь тамирчдын бэртэл гэмтэлтэй холбоотой байсан юм.

 

Харин энэ удаа “Улсын шигшээ багуудын нэрэмжит" спортын холбоодын дунд зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнийг эргэж сэргээсэн юм. Гэхдээ ДАШТ-үүд дуусч, шигшээ багийн тамирчид сэргэлт авсан цаг үеэр зохиосон нь энэ.

Тус тэмцээнд эмэгтэй 6, эрэгтэй 14 багийн 240 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 

Спортын холбоодын буюу манай улсын нүүр царай болсон тамирчид өрсөлдсөн тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс Хөлбөмбөгийн холбоо түрүүлж, алтан медаль, цом хүртсэн бол, Рагбигийн холбоо, Спортын сэтгүүлчдийн холбоо мөнгө, хүрэл медалийн эздээр тодров.

Эмэгтэйчүүдээс Цанын холбоо алтан медаль, цом авсан бол, ДАШТ-ээс 2 хүрэл медаль хүртсэн Жүдо бөхийн холбоо, ДАШТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медальтай ирсэн Боксын холбоо удаалж, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

“Улсын шигшээ багуудын нэрэмжит" спортын холбоодын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээнийг цаашид жил бүр зохиох ажээ.

 

Related news