Месси Америкийг сонгосон нь жинхэнэ дуулиан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-09 15:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ бөөрөнхий бөмбөрцөгт хамгийн олон үзэгч, шүтэн бишрэгчтэй спортын төрөл хөлбөмбөг гэдэгтэй хэн ч маргахгүйтэй адил Аргентиний Мессийг мэдэхгүй хөлбөмбөгийн фанат гэж үгүй. Тиймдээ ч түүний сонголтыг хөлбөмбөг сонирхогчид хүсэн хүлээж байсан нь тодорхой. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгийн супер оддын нэг, Аргентиний шигшээ баг, Францын " Пари Сен Жермен" клубын тоглогч Лионель Месси Америкийн MLS (Major League Soccer)-ийн "Интер Майами" багт энэ зунаас тоглохоор болсон нь спортын ертөнцийг тэр чигээр нь шуугиулж байна.


АНУ-д "Хөлбөмбөгийн хаан" Пелегээс эхлээд үе үеийн шилдгүүд болох Беккенбауэр, Маттеус, Вальдеррама, Жеррард, Лэмпард, Стойчков, Бекхэм, Кака, Дрогба, Ибрагимович, Пирло, Анри, Швайнштайгер, Руни, Бэйл гээд нэрлээд байвал дуусахгүй олон тамирчин тоглож байсан.


Гэхдээ Пеле шиг, Бекхэм шиг дуулиан, шуугиан дагуулан АНУ-д ирж байсан нь ховор. Харин дэлхийн аварга болоод хагас жил болж буй Мессигийн "нүүдэл" дээр дурьдсан Пеле, Бекхэм хоёроос ч илүү дэлхийн анхаарлын төвд орчихлоо. Тухайлбал, Лионель Месси "Интер Майами" клубтэй нэгдсэний дараа сүүлийн нэг өдрийн дотор багийнх нь инстаграмд 4.5 сая хүн нэмэгдсэн нь бас л нэг хэмжүүр.


Энэ улирал дуусангуут Мессигийн "ПСЖ" -тэй хийсэн гэрээ дуусах бөгөөд Месси өөрөө Европт үлдэхээр бол зөвхөн төрөлх "Барселона"-д тоглох хүсэлтэй, харин бусад багийн ямар ч саналыг сонирхохгүй гэсэн ойлголтыг өгсөн байсан юм.


Энэ талаар АНУ-д амьдардаг, "Таван цагариг"-ийн сэтгүүлч Ц.Энхтүвшин “Түүний тоглох "Интер Майми" баг Флорида мужийн Майами хотноо байрлах бөгөөд тус багийн эздийн нэг нь цуут Дэвид Бекхэм. Тиймээс ч Мессид "Интернасьонал Майми" багийнхаа хувьцаанаас тодорхой хувийг эзэмшүүлэх тухай гэрээнд багтсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй. Мөн Мессигийн шилжилтэд зөвхөн клуб бус MLS мөн "хөдөлж" байгаа бөгөөд хамтран ажилладаг Adidas, Apple TV гээд хоёр том "акул"-ын орлогоос Мессид хувь хүртээх талаар тохирсон ажээ. Мөн зарим нэг сурвалжууд Месси гурван жилийн гэрээ байгуулах бөгөөд улирал болгоны дараа багийг орхих онцгой эрх эдлэх бололтой” гэсэн тойм хийжээ.


Юутай ч, Мессигийн олон сая фэнүүд, спортын сэтгүүлчид болон хөлбөмбөгийн хорхойтнууд Америкийн MLS лиг рүү хүссэн хүсээгүй анхаарлаа хандуулах цаг иржээ.

Related news