БАЯНХОНГОР: Монгол туургатны Харвуул их наадмыг энэ сарын 19, 20, 21-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-04 08:56:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг үндэсний өв соёл, спортоороо бахархсан томоохон үйл ажиллагааг энэ сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Тодруулбал, Үндэсний уламжлалт баяр наадмын эрийн гурван наадмын нэг төрөл болох үндэсний сурын төрлөөр “Монгол туургатны Харвуул их наадам”-ыг долоодугаар сарын 19, 20, 21-нд зохион байгуулна.


Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй тус наадам Баянхонгор аймгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчир хэмээх түүхэн газарт болох юм.


Харвуул их наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр тэргүүлж, чиглэл тус бүрийг хариуцсан 39 удирдлагыг бүрэлдэхүүнд томилжээ. 



Хүрэн бэлчир нь Баянхонгор аймгийн төвөөс 170 км, Заг сумын төвөөс 15 км зайтай. Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох Монголын нууц товчоонд Их эзэн Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгүүлсэн нь бий. 


Монголын нууц товчоонд өгүүлэхдээ, "Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад Найманы Хадгалдагч Хөгсэү Сабраг Заг-Байдрагийн бэлчирт цэрэг засаж тулалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хүрч (ирээд) орой боллоо маргааш хатгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэгээд Ван хан буурин дээрээ гал түлж орхиод шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөтлөн явжээ” гэж бичсэн байдаг. 


XVI зууны үед Халхын өндөр Гэгээн Занабазар, Өөлдийн Галдан хутагт нарын санаачилга, удирдлагын дор Дөчин дөрвөний ноёдын их чуулган мөн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт болж, Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй. Энэ үйл явдал түүхэнд "Хүрэн бэлчирийн чуулган" хэмээн тэмдэглэгджээ.


Монголын түүхтэй салшгүй холбоотой Их эзэн Чингис хаан цэргээ засаж, Монголын ноёд чуулж байсан түүхэн газар нутгаас нум сумны зэв ихээр олддог бөгөөд археологийн дурсгалаар баялаг түүхэн газар юм.

Related news