Хотын дарга УИХ-ын гишүүдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-14 12:09:27

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Улаанбаатар хотын иргэдээс олонхийн санал авч  УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийх болжээ.

“Зөвлөлдөх уулзалт”-аар НЗДТГ-ын удирдлагууд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний талаар  танилцуулга хийх юм. Үүнд, төсөв хөрөнгө,  концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлууд,  Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын тухай, нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд багтаж буй юм. Мөн хотын дарга С.Батболд ирэх дөрвөн жил хийхээр төлөвлөж байгаа ажлууд, шинээр боловсруулах хууль, эрх зүйн төслүүдээ танилцуулах аж.

Уулзалтад  Нийслэлийн Засаг даргын орлогч  нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,  НЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын  Ерөнхий архитектор,  хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрын дарга нар, холбогдох хэлтсүүдийн дарга, мэргэжилтэнүүд оролцох юм.

Ч.Ариунболд

Related news