ХОВД: Алтан Хөхий уулыг тахих ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Байгаль
дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдлэх заншлын дагуу энэ сарын
22-нд Ховд аймгийн Мянгад сумын Алтан Хөхий уулыг тахив.
Энэхүү төрийн тахилгын ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Алтайн магтаал хайлав.
Төрийн
тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажиллалаа. Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонордуулах,
тэнгэрт хүргэх дуут сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид гардуулах,
тэнгэрийн хүлэг болгон морь сэтэрлэх, айлтгал бичиг, торго, арц хүж зэргийн
дээжийг тахилгын гал мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх зэрэг зан үйлийг
ёс жаягийн дагуу хийлээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир Алтан Xөхий хайрхны тэнгэрт хандсан
айлтгалыг дуудан сонсгож, айлтгалын эх хувийг Ховд аймгийн Музейд дурсгал
болгон хадгалуулахаар өгөв.
Мөн
энэ үеэр 32 бөхийн барилдаан, азарга, даага насны хурдан морины уралдаан, урианхай сурын харваа зохион байгууллаа.
Төрийн тахилгын ёслолд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Ховд, Увс аймгийн хил залгаа сумын иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тахилгын
өмнөх орой буюу 7 дугаар сарын 21-нд “Долоон бурхан одны тахилга”-ыг Ховд аймгийн ЗДТГ
зохион байгуулжээ.