БАЯН-ӨЛГИЙ: Тариаланчид 36 га талбайд ургац алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-29 15:24:39

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар нийтдээ 340 га-д төмс, 158 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөсөн.


Үүнээс 3200 тонн төмс, 1304 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ хураан авч, төмсний хэрэгцээг 90-100 хувь, хүнсний ногооны 20-25, жимс, жимсгэнийн 1,5-2 хувийг тус тус дотооддоо хангахаар тооцоолсон байдаг.


Тэгвэл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас саяхан гаргасан ургацын урьдчилан балансаас харахад нийтдээ 36 га талбайд ургац алдаж, төлөвлөгөө биелэх боломжгүй болсон байна.


Тодруулж хэлбэл, тариаланчид өнгөрсөн хавар нийтдээ 292,5 га талбайд төмс тарьжээ. Үүнээс 12 га талбайд ургац алдсан ба 2805 тонн төмс хураан авах тооцоо гарсан байна. Мөн 139 га-д хүнсний ногоо тариалснаас 17 га-д ургац алдаж 131 тонн ургац, 96,3 га-д жимс, жимсгэнэ тариалснаас 7 га-д ургац алдаж 79 тонн ургац хураан авахаар байгаа аж.


Тариалалт хийх талбай болон ургацын хэмжээ буурсан нь зуны эхэн саруудад цаг агаар хэт халж бороо бага орсон, тариалангийн талбай хагалах техник хэрэгсэл дутмаг, газар тариалан эрхлэх тариаланчдын тоо буурч байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газрын тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт хэлэв. 

Related news