ДУНДГОВЬ: Цагаан суварга, Дэл уулын бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-04 12:39:42
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар тус аймгийн Өлзийт сумын Цагаан суварга, Дэл уулын бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.


Ийнхүү ерөнхий төлөвлөгөөтэй болсноор хатуу хучилттай авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтэц бүхий “Дэл уул”-ын археологийн үндэсний парк, “Цагаан суварга”-ын мэдээлэл, соёл, үйлчилгээний төв, Палеонтологийн музей зэрэг томоохон цогцолбор байгуулж, говийн аялал жуулчлалын нэг томоохон бүс нутаг бий болгох ажээ. Өөрөөр хэлбэл, Цагаан суваргад эко баримжаатай байгалийн, Дэл ууланд тусгай сонирхол давамгайлсан соёлын чиглэлийн тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Энэ талаар “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Б.Батмөнх “Ерөнхий төлөвлөгөөний дагуу энд байгуулах цогцолбор болон дэд бүтэц нь Дэл уулын түүх соёлын өв, Цагаан суваргын байгалийн өвөрмөц төрхийг алдагдуулахгүй.


Дотоод гадаадад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлж байгаа хамгийн шилдэг шийдлүүдийг энэ бүс нутгийн онцлогт тохируулан, хамгийн сонгодог хэлбэрээр, байгаль, соёлын өвийн хамгаалалтын үйл ажиллагаатай хослуулан шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.


Төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай санхүүжилтийг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар нар шийдвэрлэж, "Нарт дизайн" компани төлөвлөгөөг боловсруулан, аялал жуулчлалын мэргэжлийн хүмүүс голлох үүрэгтэй оролцсон. Олон хүний оролцоотой батлагдсан энэ төлөвлөгөөг бодит болгоход тусалж дэмжсэн бүх хүмүүст талархаж байна. Найман жилийн мөрөөдөл, хүчин чармайлт маань ийнхүү биеллээ. Одоо бүх юм хуучин шиг урсгалаараа биш ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулах болно” хэмээн тодотголоо


Говь нутгийн үзэсгэлэн бүрдсэн “Цагаан суварга” нь Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг бөгөөд гоо үзэсгэлэн, солонгорсон өнгө, өвөрмөц тогтцоороо говь нутагт аялах дотоод, гадаадын жуулчдыг татдаг онцлогтой юм. Энэ хайрхан Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог. Ямар нэг уул, хайрхан, суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга урд талаасаа тэгш тал явсаар огцом цав болдог. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны дээр гарахад өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг тольдох боломжтой.


Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй юм. Хайрхан дээрээс нар мандахыг харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галавын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж авдаг гэдэг. Нутгийн иргэд “Цагаан суварга”-ыг “энергийн төв” ч гэж тодорхойлох нь бий.



Цагаан суваргаас урагшаа 60 орчим км-т Дэл, Хөнжлийн уул бий. Монгол орны түүх, өв соёлын дурсгалыг хадгалдаг Дэл уул нь Өлзийт сумын Тагт багийн нутагт байрладаг ба баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн уул. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын хилийн зааг дээр урд хэсгээрээ “Хөнжил”-ийн уул, хойд хэсгээрээ байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суваргатай залган оршдог аж.


Хадны зураг нь түүх, урлаг хоёрын хосолмол нандин бүтээл бөгөөд судлаачдын үзэж байгаагаар Дэл ууланд Монголд буй хадны зургийн бүх төрөл жанр байдаг бөгөөд түүний нэг хэсэгхэн газар хүн төрөлхтөн сүүлийн 15 мянган жилд хоорондоо мянга мянган жилийн зайтай 5 удаа 5000 орчим зураг хадан дээр зурж үлдээсэн гэдгийг мэргэжлийн байгууллага, судлаачид онцолдог.


Өөр нэг онцлог нь зургийн хэв маяг маш өвөрмөц, мөн бусад газрынхаас илүү уран хийцтэй байдаг бөгөөд Дэл уулын хадны зурагтай тухайн хэсгийн байгаль маш сонин тогтоцтой, ховор ан амьтан,  ургамалтай гэх мэт онцлогтой ажээ.




Related news