ДУНДГОВЬ: “Ид шидийн орон” ХХХТ-ийн сургалтын бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-06 16:47:48
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Ид шидийн орон-Дундговь” хүүхэд хөгжил, хамгааллын төв намрын сургалтууддаа шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэлийг энэ сарын 9-ний өдөр хүртэл хийнэ.


2023-2024 оны хичээлийн жилд тус төв шатар, даам, дуу, ардын бүжиг, иог, жюүжицү, гитар, хормогчин театр, үкүлэлэ, зумба бүжиг, төгөлдөр хуур, калимба гэсэн төрлүүдээр сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сургалтад явахаар бүртгүүлсэн сурагчид 200 гр хуванцар савны бөглөө эсвэл 20 ширхэг шагай угааж цэвэрлэн авч ирэх ёстой бөгөөд энэ нь сургалтын төлбөр болох ажээ.


“Ид шидийн орон-Дундговь” хүүхэд хөгжил хамгааллын төв 21 аймагт жишиг төв болон өнгөрсөн жилийн 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй үйлчилж хөгжлөөр дамжуулан хамгаалах үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажиллаж байгааг тус төвийн ажилтнууд онцоллоо.   


Өнгөрсөн хичээлийн жилд тус төвийн сургалтын үйл ажиллагаа нь 11 дүгээр сарын 1-нээс эхэлж, гэрээт дөрөв, сайн дурын найман багш 19 төрлийн сургалт явуулжээ. Тус сургалтад 538 хүүхдэд суралцан төгссөн байна. Мөн богино хугацааны хөгжлийн 8 хөтөлбөр хэрэгжүүлж, 126 хүүхэд хамрагдсан төдийгүй номын сан, сайн дурын сурагчдын сургалт, хөтөлбөр зэрэг бусад үйлчилгээнд 7835 хүүхэд оролцож, давхардсан тоогоор нийт 13273 хүүхдэд хөгжлөөр дамжуулан хамгаалах үйлчилгээ үзүүлжээ.


Ийнхүү орон нутгийн хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн олон талт  хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж байгаа нь аймгийн хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй хөгжил хамгааллын шинэ туршлагыг буй болгож байна. 

Related news