СЭЛЭНГЭ: 2023 оны Il ээлжийн цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-06 11:49:02

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. 2023 оны Il ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Энэхүү үйл ажиллагааг энэ сарын 6-14-ний өдрүүдэд зохион байгуулна.  

 

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн заасан газар, тогтоосон цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж үзэж Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог байна.

 

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Энхболдоос тодрууллаа.

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 оны Il ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 6-8-нд Мандал сумын Спортын ордонд, 9-11-нд Сайхан сумын Соёлын төвд, 12-14-ний өдрүүдэд Сүхбаатар сумын Биеийн тамир, спортын ордонд тус тус зохион байгуулна.

 

Энэ удаагийн цэрэг татлагад 1997-2005 оны хооронд төрсөн цэргийн насны залуучууд хамрагдах бөгөөд дуудсан цагт, тогтоосон газарт өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой.

 

Мөн цэргийн зарлан дуудах авсан иргэд тухайн харьяаллынхаа ЭМТ-д цусны ерөнхий, биохимийн /сахар, алат, асат, кретенин, мочевин, элэгний ВС вирус/ ДОХ, тэмбүүгүйн шинжилгээг заавал өгсөн байх хэрэгтэй. Тэгээд шинжилгээ өгсөн хариугаа үзлэгт орох өдрөө биедээ авч ирнэ. Онцолж хэлэхэд шинжилгээ хийлгээгүй бол үзлэгт хамруулахгүй.

 

Мөн цэрэг татлагаар ирж буй иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг 3х4 хэмжээтэй 3ш, боловсролын болон мэргэжлийн үнэмлэх (бусад), амны хаалт, гэрийн шаахай зэргийг биедээ авч ирээрэй” хэмээв.

 

Related news