ХОВД: Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-09 11:45:48

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлж, иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх болсонтой холбогдуулан орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна. 

Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байгаа.


Одоогийн байдлаар төрийн 9 байгууллагын 156 албан хаагч уг сургалтад оролцож, мэдлэг ур чадвараа хөгжүүлжээ.  

Сургалтын явцад “Хурдан” цэгийн үйл ажиллагаа, тоон гарын үсэг ба түүний хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголт зэрэг олон сэдвээр мэдээлэл түгээж буй.

Цаашид төрийн байгууллага болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, Ховд их сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль гэх мэт 55 байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж, цахим ур чадварыг нь дээшлүүлэхээр төлөвлөсөн байна.

Сүүлийн үед цахим технологид тулгуурласан үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүнд сурталгүй, шуурхай, шударга, ил тод цахим засаглалыг төлөвшүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгасан цахим хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх боломж өргөжиж байгаа талаар албаны эх сурвалжууд онцоллоо. 

  

Related news