ХОВД: "Эх хэл, соёлоо эрхэмлэе" нөлөөллийн аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-02 10:26:28

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Эх хэл, соёлоо эрхэмлэе" нөлөөллийн аяныг хэрэгжүүлнэ.

Тус аяны үйл ажиллагаа нь 5-9 дүгээр сар хүртэлх хугацаанд тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу үргэлжлэх юм.  

Энэ хүрээнд "Монгол бичиг-Монголын бахархал" сэдэвт үндэсний бичгээ сурах, судлахын ач холбогдлыг таниулах сургалт хийнэ. Хос бичигтэн сум шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулна.   

Мөн "Ховдын өнгө" уран бичлэгийн үзэсгэлэн, үндэсний бичиг, соёлыг сурталчлах хэлэлцүүлэг, илтгэлийн уралдаан зэргийг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тус аяныг Ховд аймгийн Соёл урлагийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.   

Энэ нь төрийн албан хаагч болон иргэдийн монгол бичгийн мэдлэгийг өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагад үндэсний бичгийн орчин бүрдүүлэх, соёлын өвөөрөө бахархах сэтгэлийг хүүхэд, өсвөр үе, залуус, иргэдэд төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.  


“Эх хэл, соёлоо эрхэмлэе” нөлөөллийн аяны хүрээнд эхний сургалтыг Жаргалант сумын 16 цэцэрлэг дээр тавдугаар сарын 1-нд зохион байгуулж, багш, ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл түгээлээ.    

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг соёлын салбарын хэмжээнд "Үндэсний бичиг соёлын жил" болгон зарлажээ. Үүнтэй холбогдуулан 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд  тус нөлөөллийн аяныг эхэлсэн юм.   


Related news