ХӨСҮТ-ийн шилдэг тасагт өнгөрүүлсэн нэг өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-16 13:13:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр. 1846 оны аравдугаар сарын 16-нд АНУ-ын Бостон хотын Массачутесийн ерөнхий эмнэлэгт шүдний эмч Виллиам Томас, Грийн Мортон нар анх удаа өвчтөний хүзүүний хавдар авах мэс ажилбарын үед олны өмнө эфирээр амьсгалуулан нойрсуулж хагалгааг хийсэн байдаг. Энэхүү өдрийг Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр болгон жил бүр тэмдэглэх болсон түүхтэй. Мэдээгүйжүүлэг-Anesthesia гэдэг грек хэлнээс гаралтай мэдээгүй, мэдрэмжгүй болох гэсэн утгатай үг юм. Мэдээгүйжүүлгийн түүхийг товч дурдвал 1800 оны дунд үе хүртэл ерөнхий мэдээгүйжүүлэг гэж байдаггүй байсан бөгөөд анхилам үнэрээр өвчтөний анхаарал сарниулах, архи уулгаж согтоох, мөн ховсдох зэрэг аргыг хэрэглэж байжээ.  Эмчлүүлэгчийг унтуулаад цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьж аппаратаар амьсгалуулан мэдээгүйжүүлэхэд хүний сэтгэхүйн үйл ажиллагаа, булчингийн үйл ажиллагаа, өвдөлтийн мэдрэхүйг дарангуйлж мэдээгүйжүүлнэ.  


Харин манай улсад 1950-иад оны сүүлчээ социалист улсуудаас мэдээгүйжүүлгийн эмч нар урьж, мэдээгүйжүүлэгтэй мэс засал хийж эхэлсэн байх юм. 1959 онд Польшийн эрдэмтэн Г.Покшивиницки наркозын зөөврийн аппаратаар мэдээгүйжүүлэг өгч байсан. Харин 1960-1962 онд Ленинград  хотын мэдээгүйжүүлгийн эмч Ф.Драгель, Чехославакийн мэдээгүйжүүлгийн эмч Ладислав Демант  нар  манай улсад урилгаар ажиллахдаа  Монголын анхны  найман мэдээгүйжүүлгийн эмчийг сурган, мэргэшүүлжээ.

Мэдээгүйжүүлгийн алба үүсч хөгжсөн эхэн үе   1960-1970

Эрчимт эмчилгээний тусламж хөгжиж бэхэжсэн үе  1970-1990

Амь тэнссэн  анагаахын бусад салбаруудын суурь тавигдсан үе 1990-2010

Амь тэнссэн анагаахын төсөл хөтөлбөрийн эрчимтэй хэрэгжилтийн үе

2010 –оноос эхлэн

            - Мэдээгүйжүүлэг

            - Эрчимт эмчилгээ

            - Яаралтай тусламжийн чиглэлүүд салбарлан хөгжиж ирсэн байх юм.


Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдрийг Монголд 1961 оны аравдугаар сарын 16-наас албан ёсоор тэмдэглэж, энэ чиглэлээр ажилладаг эмч, сувилагч нарыг алдаршуулах, тэднийг мэргэжлийг олон нийтэд сурталчилдаг болсон байна. Тэр цагаас хойш 62 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байгаа юм.


Бид энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгаас сурвалжилга бэлтгэлээ. Манай сурвалжлах багийг очих үед нэг өвчтөн нурууны мэс засалд орж байхтай таарлаа. Сүрьеэгийн нэлээд хүнд төрлийн мэс засал учраас багагүй хугацаанд үргэлжилсэн.


Мэс заслын эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчаас бүрдсэн 10 орчим мэргэжилтэн өвчтөнд үйлчилгээ үзүүлж байв. ХӨСҮТ-ийн захирлын 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ны Б/32 тушаалаар  Сүрьеэгийн эрчимт эмчилгээний тасгийг мэс заслын тасгаас тусгаарлан байгуулж тасгийн эрхлэгчээр П.Сэлэнгэ, эмч Н.Сүхбаатар, 19 ажилтантай нээсэн түүхтэй. Мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг мэдээгүйжүүлгийн дөрвөн эмч  бүх насныханд халдвартай, халдваргүй хэлбэрийн сүрьеэ, уушиг, цээжний хөндий яс, үе, хэвлий, булчирхай бусад эрхтэн системийн сүрьеэгийн үед, мөн халдварт өвчний хавсарсан мэс заслын эмгэг, ДОХ, ХДХВ халдвартай мэс заслын эмчилгээ шаардлагатай тохиолдолд  мэдээгүйжүүлгийн үйлчилгээ үзүүлж халдварт өвчний дэгдэлт цар тахлын үед ажиллаж байгаа юм.


Тус тасаг 2012 онд ХӨСҮТ-ийн шилдэг тасгаар, 2014 онд эмч П.Сэлэнгэ шилдэг эмч, 2018 онд О.Энхтуяа шилдэг эмч, 2011 онд Н.Сарантуяа шилдэг сувилагч, 2018 оны “Алтан дэнлүү” тэргүүний мэс заслын сувилагч, 2018 онд Т.Мөнхжаргал шилдэг асрагчаар шалгарсан зэрэг арвин амжилттай хамт олон ажээ. Биднийг очиход тасгийн эрхлэгч П.Сэлэнгэ, ахлах сувилагч Н.Мөнхзаяа нар угтлаа. Харин зарим эмч, сувилагч нь ээлжээс буусан бол нэг хэсэг нь хагалгаанд орсон байв. Тус тасаг дөрвөн эмч, зургаан сувилагчтай. Тасгийн эрхлэгч П.Сэлэнгийн хувьд 34 дэх жилдээ ХӨСҮТ-ийн мэдээгүйжүүлгийн албанд ажиллаж байгаа юм.


Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Анх 1987 онд Анагаахын дээдийг төгсөөд Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн нэгдсэн эмнэлэгт гурван жил ажилласан. Улмаар 1990 оноос “Ясны сүрьеэгийн больниц” гэж ярьдаг байсан эмнэлэгт сэхээн амьдруулахын тасгийн мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед байсан орон тоо нь л энэ байлаа. Түүнээс хойш байгууллагын нэр олон солигдсоор 2001 онд ХӨСҮТ-ийг байгуулахад миний анх ажилд орж байсан эмнэлэг нэрээ солиод л энд ирсэн. Нэг мэдэхэд 34 жил ажиллажээ, энэ салбарт. Ер нь эрчимт эмчилгээ, мэс засал, мэдээгүйжүүлэг гэдэг бол багийн л ажиллагаа. Нэг хүн гоцлох гэсэн ойлголт байхгүй. Бүгдийг л хамтдаа ярилцаж, зөвлөлдсөний үндсэн дээр хийсээр ирсэн” гэв.


Анх курсээ төгссөний дараа хоёулахнаа шууд ажлын талбарт гарч байсан тухайгаа тэрбээр “Шинээр төгссөн хоёр эмч залуу насны эрч хүч, зоригоор шууд л ажилдаа орж билээ. Өмнө нь байсан мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарчихсан. Нарийн зааж, зөвлөх хүнгүй. Зоригтой байж. Хоорондоо ярилцаж байгаад л хийнэ. Тийм л хүнд хэрнээ дурсамжтай цаг үеийг өнгөрүүлжээ. Анх хоёулахнаа байсан бол одоо дөрвөн эмч, зургаан сувилагчтай том баг болсон байна. Мэс заслын цар хүрээ томрох тусам манай багийн хүч нэмэгдэж, олуулаа болж байгаа юм” хэмээн дурслаа.


Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тэр утгаараа мэдээгүйжүүлгийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгслүүд өнөөдөр шинэ шатанд гарчээ. Энэ талаар 34 жил уг салбарт ажилласан П.Сэлэнгэ эмчээс асуухад “Эм тариа, багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй, хүндээ таатай болсон байна. Нэг ёсондоо айдасгүй мэдээгүйжүүлэг хийх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Сургалтын орчин хүртэл сайжирсан байна. Мэдээгүйжүүлгийн албаны нийгэмлэгээс эмч, сувилагчдаа байнга сургалтад хамруулж, шинэ соргог мэдээллийг сонсгодог. Хамгийн их сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлдэг хүмүүс нь мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчид юм” гэж хуучилсан юм.


Хүний эзэмшсэн мэргэжил, түүндээ амжилттай явна гэдэг яах аргагүй бахархал. Тэр утгаараа мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчид ч баярынхаа энэ өдөр ажлаараа бахархаж, түүнийг олон нийтэд сурталчилж байна. Мэс заслын багийн тэргүүн эгнээнд явдаг мэдээгүйжүүлгийн эмч П.Сэлэнгэ 34 жилийн хугацаанд 5000 мянган хагалгаанд унтуулагч эмчээр ажилласан гэнэ. Энэ тухайгаа ярихдаа “Намайг 34 жил ажиллахад 11 мянга гаруй мэс засал хийсэн байгаа юм. Үүний 40 гаруй хувьд нь би өөрөө гар бие оролцжээ. Мэдээж мэс засал амжилттай болох, түүний дараа гарах үр дагавар эерэг байх нь миний мэргэжлийн аз жаргал юм” гэв.



Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс болж өвчтөн, иргэн хохирох тохиолдол цөөнгүй гарч буй. Хэвлэл, мэдээлэл, цахим ертөнцөөр ч багагүй шуугидаг. Ерөөсөө л эрүүл мэндийн энхийн манаанд зогсож ажиллана гэдэг амар ажил биш. Алдаа гаргахгүйн төлөө бүх чадлаа дайчлах нь дамжиггүй. Тэгвэл ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн мэдээгүйжүүлэгт, эрчимт эмчилгээний тасгийнхан ноцтой алдаа гаргасан тохиолдол үгүй гэнэ. Жил бүр сургалтад хамрагдаж, бэлтгэл хийдэг нь үүнтэй холбоотой аж. Жилдээ хамгийн багадаа 2-3 сургалтад сургалтад хамрагдаж, таван жил тутамд мэргэжлийн зэргээ дээшлүүлдэг юм байна. Ажлын байран дахь сургалт ихээр явуулдаг нь алдаа бага гаргахад нөлөөлдөг тухай эмч, сувилагч нар нь бахархан ярилаа. Хамгийн гол нь баг хамт олонтойгоо маш сайн ойлголцох нь алдаа гаргахгүй байх хамгийн том нөхцөл, шалтгаан гэдгийг П.Сэлэнгэ эмч хэлж байна.



Тэгвэл тус тасгийн ахлах сувилагч Н.Мөнхзаяа өөрийнхөө ажлын талаар ийн ярилаа. “Мэдээгүйжүүлгийн сувилагч мэс засал эхлэхээс өмнө бүх бэлтгэл ажлыг сайтар хангасан байх ёстой. Багаж, тоног төхөөрөмж, эм тариаг хянаж, нягтална. Улмаар эмчлүүлэгчийг орж ирэхээр эхлээд мэдээгүйжүүлэх үйл ажиллагааг эхлүүлнэ. Эмчлүүлэгчтэй мэндлэхээс л бидний ажил эхэлнэ дээ. Өвчтөний сэтгэл зүйн бэлтгэл хангана. Амин үзүүлэлтийг хянана. Дараа нь эмчийн хамт өвчтөнөө унтуулах ажиллагаа явуулдаг. Эмчийн удирдлага дор сувилагч тариагаа хийж, үйл ажиллагаа үргэлжилнэ. Хагалгааны явцад эмчлүүлэгчийг байнга хянаж, давтан тариагаа хийнэ. Ер нь мэс засал эхлэхээс дуусах хүртэл тухайн эмчлүүлэгчийн дэргэд сувилагч л байна. Олон янзын ааш араншинтай хүнтэй учирдаг. Угаасаа мэс заслын өмнө эмчлүүлэгчийн сэтгэл зүй тогтворгүй болж, ааш араншин өөрчлөгдөх байх тохиолдол энүүхэнд. Тэр бүхэнд нь өвчтөнтэй ярилцаж, сэтгэл санааг нь засна. Нэг талаараа өвчтөний сэтгэлзүйч болдог гэсэн үг” хэмээв. 

Related news