Улсын эмнэлэгт үзүүлэх цаг аваад очоогүй бол торгууль төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-12 15:18:44

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй.


Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн цагтаа очихгүй байх нь олон. Үүнээс болж эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгтэй хүнд нь үзүүлж чадахгүйд хүрдэг. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад, товлосон хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.  


Тодруулбал, эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэн дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Торгуулийг нь эмнэлгийн орлого болгохоор зохицуулсан журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргажээ.


Улсын эмнэлгүүд хэт их ачаалалтай байдгийн улмаас иргэд товлосон цагаа хүлээлгүй, наана нь хувийн эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь эмнэлэгт үзүүлэх өдрөө мартдаг. Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөн ч бий. Иймд эмнэлэг рүү заавал утасдаж, авсан цагаа цуцлуулах дадлыг иргэдэд хэвшүүлэх шаардлагатай байгаа аж. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд шилжүүлэх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад торгууль хүлээхгүй юм байна.  


Төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв 2023 оноос ажиллаж эхэлсэн аж. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.

Related news