Гэмтэл, согог судлалын үндэсний төвд маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-19 16:13:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш 11:30-16:30 цагт болно. Уг өдөрлөгөөр салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өдөрлөгийн хүрээнд иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.


Тухайлбал, осол гэмтлийн яаралтай тусламж, түлэгдэлт, нөхөн сэргээх, гар сарвууны мэс засал, үений эмгэг судлал, сэргээн засах эмчилгээ, спортын бүх төрлийн гэмтэл бэртэл 12 төрлөөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэх ажээ.


ГССҮТ-ийн салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн шинэ барилга 2023 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдсэн юм. Салбар эмнэлгийн Яаралтай  тусламжийн тасагт гэмтэл, согогийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж байна. Түүнчлэн амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудад олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Related news